2025.05.02

М.Бадамсүрэн:Сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чадавхжуулах, хөрөнгө оруулах талаар илүү анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Хүн төрөлхтний хувьд эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал арга нь даатгал вакцин. Энэ тогтолцоог  улам сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээрт нь төлөвлөлт тооцоололыг маш сайн хийж эдийн засаг, нийгмийн үнэлгээтэйгээ уялдуулж том хүрээнд авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Хоёрдугаарт нь удирдах, гүйцэтгэх, хянах механизм нь нэг дороо төвлөрчхөөд байна гэж харж байна. Тийм учраас ЭМД-ын Үндэсний зөвлөлийг бол эрүүл мэндийн сайд ахалдаг юм байна. Мөн ЭМД-ын ерөнхий газар буюу сангийн орлогоо бүрдүүлж,  хуваарилж байгаа газар нь эрүүл мэндийн сайдын харьяанд байдаг юм байна.Тэгэхээр энэ ер нь болж байна уу? Энэ тогтолцоо бусад улс орнуудад ямар байдаг юм бэ? Өөр хувилбарууд байдаг уу? Тэгээд энэ хүрээндээ ЭМД-ын  Үндэсний зөвлөл УИХ-аас байгуулдаг санхүүгийн зохицуулах хороо шиг бүтэцтэй ажиллаж болох уу? Үүнийг судалсан тооцсон зүйл байна уу? Гуравдугаарт нь зөвлөх болон хяналтын механизмыг иргэний нийгмийн байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох уу? Зөвхөн ЭМД-ын Ерөнхий газар өөрөө гүйцэтгээд явах уу? Ер нь хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг, ТББ-аар гүйцэтгүүлдэг тогтолцоог нэвтрүүлбэл яасан юм бэ? Хувийн хэвшлийн өрсөлдөөнийг  бид нар  цааш дэмжих хэрэгтэй байх. Зарим нь гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой олон хувийн эмнэлэг байгуулагдаад байна гэсэн зүйл ярьж байгаа. Тэгэхдээ энэ хөгжлийн гол тулгуур. Ялангуяа  эрүүл мэндийн үйлчилгээний хувьд бол хувийн хэвшил шүү дээ. Яагаад үүнийг хэлж байна гэхээр. Жишээлбэл орон нутагт өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байна. Үүний барилга, тоног төхөөрөмж нь төр орон нутгийн өмч. Зөвхөн менежментийн нь хувийн хэвшил буюу өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөл, ААН-үүд хариуцдаг гэсэн үг. Тэд нар шууд  том барилга бариад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй учраас энэ явж байгаа тогтолцоо нь хамгийн зөв гэж харагдаад байгаа. Тийм учраас энэ дээр өргөн уудам нутагт ялангуяа сумдад  багийн түвшинд энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх талаар цаашид тэднийг чадавхжуулах хөрөнгө оруулах талаар илүү анхаарах хэрэгтэй. Ялангуяа ӨЭМТ шиг барилга байшин тоног төхөөрөмжид төрөөс хөрөнгө оруулалт хийгээд,  үүнийг менежментээр, хувийн хэвшилд аваад явах нь хамгийн чухал. Анхан шатыг чадавхжуулах чиглэлээр яаж ажиллах вэ? Эцэст нь дахин хэлэхэд Их хурлын дэргэд даатгалын үндэсний зөвлөл,  санхүүгийн зохицуулах хороо шиг байж болох уу? судалгаа байна уу? хувилбар байна уу?

 Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.