2025.05.02
Д.Ганмаа: ЭМ-ийн салбарыг тоож, ярьж, сонсож байгаа хүн байна уу. Зөвхөн мөнгө яриад байгаа нь ямар учиртай юм. Иргэдийг, өвчтөнийг, чанарыг хэн ярих вэ!
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Бид бүхэн ЭМД-ын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн томилох талаар ярилцаж байна. Ер нь УИХ-ын гишүүд маань ЭМД-ын үндэсний зөвлөл хэр зэрэг ач холбогдолтой, чухал, гол шийдвэрүүдийг гаргадаг зөвлөл вэ гэдэг дээр ойлголттой болох хэрэгтэй байна. Түүн дээрээ хяналтаа тавьж хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай учраас энэ маш чухал. Гэтэл өнөөдөр бараг ихэнх гишүүд нь гараад явчхаж байна. Маш харамсалтай!
Эрүүл мэндийн салбарыг тоож, ярьж, сонсож байгаа хүн байна уу. Эрүүл мэндийн асуудал, нөхцөл байдал ямар байгаа юм, тогтолцоо дээр нь яагаад ажиллахгүй байгаа юм. Яагаад анхаарал хандахгүй байгаа юм бэ? Яагаад зөвхөн мөнгө яриад байгаа юм6 Иргэдийг, өвчтөнийг, чанарыг хэн ярих вэ!
Нэгдүгээрт, сангийн тэнцэл алдагдаад байгаа, сангаа зөв зохистой удирдаж чадахгүй байгаа хариуцлагыг нь хэн хүлээх ёстой вэ?
Хоёрдугаарт, сангийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолыг батлаад, шийдвэр гаргаад байгаа эдгээр хүмүүс болон байгууллага яг ямар хариуцлага хүлээх юм. Тооцоо судалгаа хийсэн хүмүүс нь хэн юм, тооцоо судалгаагаа буруу гараад байгаа хариуцлагыг яаж тооцож ажилласан юм. ЭМД-ын үндэсний зөвлөлөөс ямар нэгэн санал дүгнэлт гаргасан юм уу?
Гуравдугаарт, ЭМД-ын ерөнхий газрын санг удирдах чадавх нь байгаа юм уу? Анх энэ агентлагийг 2021 онд байгуулаад хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлээд төр дэмжсэн. Гэтэл нөхцөл байдал ийм болчихлоо. Хариуцлагыг хэнд тооцох юм бэ?
Дөрөвдүгээрт, ЭМД-ын Үндэсний зөвлөл хүн амын өвчлөлийн нөхцөл байдал сангийн эх үүсвэртэй хэрхэн уялдаж байгаа, бодлогын түвшинд сангийн чадавхыг нэмэгдүүлэх, үр ашигтай байх талаар ямар бодлого барьж ажиллаж байна?

Сэтгүүлч