2025.05.02

С.Зулпхар: ЭМД-ын санхүүжилт хэрэгтэй үйлчилгээ рүү явах ёстой мөнгө

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

Их Хурлын дарга Их Хурлын эрхэм гишүүдийн энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигч Рагчааг дэмжиж байна .Би тодорхой саналууд хэлье. ЭМД-ын сан бол иргэнд эрүүл мэндийн эрсдэл тулгамдсан үед эрүүл мэндийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж санхүүжилт үзүүлдэг сан гэдгийг бүх нийтээрээ ойлгох цаг болсон. Аливаа сан ялангуяа эрсдэлийн сангууд, нийгмийн даатгалын сан ч байна. Тодорхой эрсдэлийг даван туулахад зорилго руу чиглэсэн ийм л сан байдаг. Хүссэн зүйл болгоныг санхүүжүүлдэг юм шиг  өрөөсгөл ойлголттой. Тэрнээсээ болоод заримдаа сангаасаа хэтийдсэн хүсэлтэй. Тэр сан нь тэр хүслийг биелүүлэх боломжгүй байдаг гэж байгаа юм. Тэгэхлээр үүнийг заавал  ойлгох ёстой. Та ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүний хувьд байнга анаж байх ёстой. Тиймээс шаардлагатай үед хэзээ, ямар үйлчилгээг, хэрхэн, яаж үзүүлэх вэ гэсэн тогтолцоонд тулгуурласан зарчмыг барьдаг гэдгийг заавал санаж байгаарай. 2021 оноос  ЭМД-ын хүрээнд, эрүүл мэндийн салбарт бол гүйцэтгэлийн санхүүжилтийг хийж эхэлсэн. Энэ бол тодорхой үр дүнгээ өгч байна. Зарим эрүүл мэндийн үйлчилгээн дээр чанар сайжирч байна. Энийг бол заавал хэлэх ёстой. ОУБ-ын тайлан үүнийг илэрхийлж байна. Хөндлөнгийн тайлангуудыг харж байж л энэ тогтолцоо хэрхэн ажиллаж байгаа дээр бодитой дүгнэлт хийж чадна. Ариунзаяа гишүүний хэлсэнчлэн Ковидын үед бид нар тэр сангаас ямар нэгэн техник тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх ёсгүй байхад санхүүжүүлчихсэн тэрийг буцааж өгөөрэй гэсэн. Яг тийм.  Уг нь тэр чинь үйлчилгээ рүү явах ёстой мөнгө. Сумын эмнэлэг дээр бол санхүүжилт нэг өөр байна. Мэдээж хэрэг Улаанбаатар хот дахь дараагийн шатлалын эмнэлгүүд энэ дээр нэг өөр. Ачаалал нь өөр өөр байгаа учраас гүйцэтгэл нь өөр өөр байгаа. Тиймээс санхүүжилт нь өөр байх учраас энэ дээр бид ялгаатай байдлаар ажиллах ёстой. Зарим газар хэт их ачааллаас болоод чанар буцаад алдагдчихаж байгаа. Тэгэхээр хугацаа алдаж байна. Үүн дээр шийдвэр гаргах нь зүйтэй. Эрсдэлийг даван туулахад чиглэсэн шийдвэрүүдийг та бүхэн ойрын хугацаанд бол ЭМД-ын үндэсний зөвлөл дээр хамтдаа гаргах ёстой гэдгийг онцгойлон захиж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зохицуулсан хууль, дагалдах журмын зохицуулалтууд дээр эргэж харах зүйлүүд байна. 

 Түүний асуултад, ЭМСайд Т.Мөнхсайхан хариуллаа.