2025.05.02
Т.Мөнхсайхан: Хаанаа ч хүрэлцэхгүй байгаа төсвийн мөнгийг яаж ч хүргэж, хуваарилах гээд эргээд тусламж, үйлчилгээнд ДОГОЛДОЛ гарах эрсдэлтэй!
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд гишүүдийн асуултад хариуллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Эрүүл мэндийн салбар 2024 онд гэхэд нийт 2 сая 800 мянган иргэнд 26 сая тусламж үйлчилгээг хүргэсэн. 2020 оныхтой харьцуулбал 10 саяаар илүү тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч өнөөдөр эрүүл мэндийн салбарт төсөвлөгдөж байгаа санхүүжилт хаанаа ч хүрэхгүй байна. Хаанаа ч хүрэхгүй байгаа мөнгийг бид яаж ч хүргэж, хуваарилах гээд эргээд тусламж үйлчилгээнд маань доголдол гарах эрсдэл байгаа. Олон улсын тооцоо судалгаанууд тодорхой гарчихсан байдаг.
Тухайлбал ДНБ-ийг дор хаяж 6%-д хүргэвэл эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудал нь шийдэгддэг гэх судалгаанууд нь гарчихсан. Гэтэл манай улсын хувьд энэ жил 3% буюу доод хэмжээний дөнгөж тал хувьд нь хүрч байгаа юм. Тэгэхээр бидний зорилго нэг жилийн дотор шууд 2 дахин нэмэгдүүлээд 6 хувьд хүргэх боломжгүй.
Тиймээс жилдээ ДНБ-д эзлэх хувийг нэг хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөг гаргасан. Ингээд 2028 он гэхэд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийг ДНБ-ий 6 хувьд хүргэж чадвал салбарт үүсээд байгаа асуудал шийдэгдэх нь. 2026 онд төсвийг тооцоолж, төсөөлж өгөхдөө ДНБ-ий 4 хувьд хүргэхээр тооцоолол төлөвлөгөөг өгсөн. Ингээд 2027 онд 5 хувьд, 2028 онд 6 хувьд хүргэнэ гэх тооцоололтойгоор ажиллаж байна.

Сэтгүүлч