2025.04.30

М.Бадамсүрэн: Одоогийн үг хожмын гэрч гэдэг. Одоо хэлж байгаа үг, гаргаж буй санал болгон үнэ өсвөл яах вэ гэдэг айдастай иргэдэд хариулт өгөх юм шүү!

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Би ойлгохдоо энэ хавар ЗГ-аас аливаа зүйлийн үнэ тариф нэмэхгүй, татвар нэмэхгүй гэсэн шийдвэр гаргасан гэж ойлгосон. Гэтэл оруулж ирж байгаа бодлого бол энэ гаргасан шийдвэртэйгээ нийцэхгүй бодлогыг оруулж ирж байна гэж ойлгож байна. Тийм учраас энэ 15 хувийг эргэж Гаалийн албан татвар, импортын татвар гурил дээр тогтоох, тэжээл дээр 5 хувь тогтоох гэдэг шийдвэрийн үр дүнгээр гурил тэжээлийн үнэ өсвөл яах вэ гэдэг айдас бол үнэхээр иргэдэд байгаа. Манай тойргоос олон сонгогч иргэд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж төлөөлөлдөө саналаа илэрхийлээд байгаа учраас би энэ зарчмын зөрүүтэй саналыг гаргасан гэдгээ хэлэх нь зүйтэй. Л.Мөнхбаясгалан гишүүн хэлж байна. Үг, үйлдэл 2 нэг байх ёстой. Тийм учраас би чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Тэр үүднээс үйлдэл хийж, санал хураая гэсэн саналтай байна. Саналаа яаж өгөх нь байнгын хорооны гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Одоогийн үг хожмын гэрч гэдэг үг бий. Тэгэхээр одоо хэлж байгаа үг, гаргаж буй санал болгон иргэдэд үнэ өсвөл яах вэ гэдэг айдастай иргэдэд хариулт өгөх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас одоо гаргаж байгаа шийдвэрийн үр дүнгээр иргэдийн амьжиргаанд нөлөөлөх үү, өрх айлын зарлагыг нэмэгдүүлж, тарифын өрсөлдөөн бүхий хүнд нөхцөлд иргэдэд тарифын өөрчлөлт нөлөөлөх үү гэдэг айдас байгаа.