2025.05.21

Д.Рэгдэл: Улсын төлөвлөгөө нь цаас болж, төсөв нь хэрэгжээд зөрчил үүсэх вий!

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2025.05.20)-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл асуулт асуулаа.

Төрийн албаны шинэчлэл нь төрийн албаны ажиллагсдын орон тоо нэмэгдээд байгаатай холбоотой гэж ойлгогдож байгаа 2026 оны улсын төлөвлөгөөнөөс. Гэтэл төрийн үйлчилгээн дээр угаасаа нэмэгдээд явчихдаг. Та нарт судалгаа байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

1. Миний ажиглаж байгаагаар хамгийн их нэмэгдэж байгаа нь төрийн захиргаан дээр байна. Яагаад гэхээр сүүлийн үед УИХ-ын тогтоолоор агентлаг байгуулдаг болж байна. 2024 оноос хойш аваад үзвэл 5-6 агентлаг байгуулжээ. Гэтэл агентлагийн хажуугаар баахан чиг үүргийн давхардлыг хариуцаж байна гээд хороо зөвлөл гээд ЗГ, Ерөнхий сайдын хавьд байгуулчихсан. Сүүлийн жишээ гэхэд Ургамал хамгааллын агентлаг байгууллаа. Гэтэл Монгол Улсад Ургамал хамгааллын хүрээлэн гээд байгууллага бий. Ургамал хамгааллын агентлагийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх хэмжээний 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай хүрээлэн. Гэтэл яагаад ЗГ-ын зарим чиг үүргийг тэр хүрээлэнд хариуцуулаад явж болдоггүй юм? Сүүлийн үед хууль дагуулаад агентлаг байгуулаад байдаг. Энэ үйл явдлыг таслан зогсооход хийж байгаа судалгаа, тодорой санал онол байна уу? Би уул нь ЗГХЭГ-аас асуумаар байгаа ч хүн байхгүй учраас ЭЗХЯ-аас асууя.

2. Энэ төлөвлөгөөнд төрийн албаны реформын хүрээнд төрийн өмчит компанийн реформыг эрчимжүүлээд зардлыг нь 15 хувиар бууруулаад бүтээмжийг 30 хувь нэмэгдүүлнэ гэж байна. Үүний цааны нууц том нөөц байна гэж ойлгоод байна. Ямар үндэслэлээр энэ тоог гаргаж ирсэн бэ? Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах асуудал нэг хэсэг нэлээдгүй эрчимтэй яваад, бараг хууль гаргаад явах байх гэтэл таг чиг болсон. Энд тэндгүй менежерүүд, хяналтын болон бүтээмжийн гэсэн тодотголтой. Орлогч даргын түвшинд менежерүүд тавиад бүр эсрэгээрээ юм болоод явчихсан. Улсын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэ ямар хэрэгтэй вэ?

3. А.Ариунзаяа гишүүн хэлчихлээ. УИХ-аар хэлэлцэж яваад 2026 оны улсын хөгжлийн төлөвлөгөөгөө баталчих л байлгүй. Гэтэл 2026 оны улсын төсөв батлагдаад гараад ирэх үед зөрчил үүсээд ирвэл яах эсэхээ бодож төлөвлөгөөгөө эргэж харахгүй бол болохгүй байх. Эс тэгвээс төлөвлөгөө маань цаас, төсөв маань хэрэгжээд явах магадлалтай. Дараа нь төлөвлөгөөний биелэлт гарна. Өмнөх оны төлөвлөгөөний биелэлт 52 хувьтай байна гэдэг чинь юу гэсэн үг вэ! Жирийн байгууллага байсан бол тараад уначихмаар үр дүн гарсан. Энэ тал дээр бэлтгэлтэй байгаарай.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн