
АҮББХ: Хууль, тогтоолын биелэлт, эрчим хүний үнэ тариф, хил холболтын төмөр замын гэрээний талаарх мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.06) хуралдаж, Эрчим хүчний болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нар, Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээллийг сонсож, Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах талаар Байнгын хороо Үндэсний хороог дэмжиж ажиллана
Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр танилцуулав. Тус Үндэсний хорооны хяналтанд 2024 оны эцсийн байдлаар 89 хуулийн 481, Улсын Их Хурлын 104 тогтоолын 624, Байнгын хорооны 79 тогтоолын 445, нийт 272 шийдвэрийн 1550 заалт бүртгэлтэй байгаагийн 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгджээ. Хэрэгжээгүй буюу “0 хувь” гэж үнэлэгдсэн хуулийн 69, Улсын Их Хурлын тогтоолын 80, Байнгын хорооны тогтоолын 44 заалт байна.
Энэ талаарх Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт- шинжилгээ, үнэлгээний тайланд 481 хэсэг, заалт бүхий 145 хууль, Улсын Их Хурлын 103 тогтоол, Байнгын хорооны 75 тогтоолын биелэлтийг Засгийн газар тайлагнаагүй гэжээ. Тайлагнасан хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт 53.9 хувьтай гэж дүгнэсэн байна.
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны есөн тогтоолын хэрэгжилт дунджаар 50.8 хувь буюу “хэрэгжих шатандаа” байна гэж Хяналт, үнэлгээний үндэсний хороо дүгнэсэн бол Улсын Их Хурлын Тамгын газар 47.7 хувь буюу “хэрэгжилт хангалтгүй” гэсэн дүн тавьжээ. Үүний дотор Улсын Их Хурлын 2022 оны “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 46 дугаар, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар, 2023 оны Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай 28 дугаар тогтоолыг 2.3 дахь заалт, 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоол, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 08, 10 дугаар, 2023 оны 04 дүгээр тогтоолууд, “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын явцын талаар” 2023 оны 06 дугаар тогтоол зэргийн хэрэгжилт “0 хувь” гэсэн үнэлгээтэй гарсан байна.
Хууль болон Улсын Их Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт хангалтгүй буюу хэрэгжээгүй гэж дүгнэгдсэний шалтгааныг Хяналт, үнэлгээний үндэсний хорооноос тайлангийн үзүүлэлтүүд бүрэн бус буюу харъяа байгууллагын ажлыг нэгтгээгүй, үр дүнг тайлагнаагүй, агуулгын алдаатай, бодитой бус, мөн зарим шийдвэр гарсан даруйдаа тус хорооны хяналтанд бүртгэгдэхгүй байгаа зэргээс тайлбарлаж, хэрэгжилт, хяналтыг сайжруулах, шийдвэрийг цаг тухайд нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргэж байх, хэрэгжиж дууссан, хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, ач холбогдолгүй болсон шийдвэрүүдийг хяналтаас хасах шаардлагатай гэсэн саналыг хэлэв.
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаарх Хяналт, үнэлгээний үндэсний хорооны даргын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Д.Батбаяр, Д.Батлут нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоолын хэрэгжилтэд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа, хэрэгжилтийг хангахгүй, хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй байгаа байгууллага, албан тушаалтанд ямар хариуцлага тооцох, Үндэсний хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын үнэлгээний дүн зөрүүтэй байгаагийн шалтгаан, хяналт шинжилгээний аргачлалыг нэг мөр болгох зэрэг асуудлыг хөндсөн юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа энэ талаарх тайланг хэлэлцэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний нэгж оролцож байх, эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажлын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хууль, тогтоолыг хэрэгжих боломжтойгоор батлан мөрдүүлж байх, тэр бүгдийг нэг бүрчлэн хянаж дүгнэн, тодорхой тайлагнаж байх шаардлагатайг онцолсон юм.
Эрчим хүчний үнийн шинэчлэл, төслүүдийн талаар мэдээлэл хийлээ
Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн тухай мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийлээ. Тэрбээр юуны өмнө Цахилгаан, дулааны үнийн өсөлт, түүний үр дагаварын талаар мэдээлэв. Манай улсын эрчим хүчний салбарт үнэ, тарифыг бодит өртгөөс доогуур тогтоож ирсэн буюу 1.0 кВт.ц цахилгааны өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах үнийг 2023-2024 онд 216 төгрөгөөр, үүнээс айл өрхийн үнийг дунджаар 140 төгрөгөөр буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур тогтоогдож ирснийг сайд онцлоод, үүнээс шалтгаалан нүүрсний уурхай, төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар 2024 онд нийтдээ 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгааг ярилаа. Хуримтлагдсан өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрсний улмаас түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд гарах эрсдэл нэмэгдсэн зэргийг харгалзан эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт нийцүүлэн шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлж, дунджаар 216 төгрөгөөс 280 төгрөгт хүргэн 29.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүний хүрээнд, уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 294 төгрөг байсныг 342 төгрөг болгож 16.3 хувиар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагынх 222 төгрөг байсныг 291 төгрөг болгож 30.7 хувиар, айл өрхийнх 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож 50.8 хувиар тус тус нэмжээ.
Эрчим хүчний сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Бум-Очир, Д.Энхтуяа, Б.Уянга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, С.Энхцэцэг, Г.Хосбаяр, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга, С.Замира, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл техникийн шинэчлэл хийх сумдын тоонд Баян-Өлгий аймгийн хэдэн сумд хамрагдаж байгааг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.бум-Очир үнийн өсөлт айл өрх, ард иргэдийн амьдрал ахуйд хэрхэн нөлөөлсөн, ядуурлын түвшний өсөлтөд шалтгаалсан эсэхийг асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа үнэ тарифыг өсгөснөөр хуримтлагдаж бий болсон хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлууд, сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын тухай, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга дулааны шинэчилсэн тарифын хэрэгжилт, Тавантолгойн дулааны станцын төсөлтэй холбоотой хуулийн төсөл, 10 аймгийн дулааны станцын зээлийн хүү, төлбөр зэргийг тодруулан лавлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлого, айл өрх, аж ахуйн нэгж бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломж, өөрийн хэрэгцээнд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй иргэд хэрэглээнээсээ илүү гарсан хэсгийг төвийн шугамд нийлүүлэх бололцоо бүрдсэн эсэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хийсэн ажлууд, эрчим хүчний төрийн өмчит компаниудын засаглал, нээлттэй хувьцаат компани болгох зорилтын хэрэгжилт, эрчим хүчний мега төслүүдийн хэрэгжилт, экспортын стратеги зэргийг хөндөж, үнэ тарифын харьцуулсан судалгаа хийсэн эсэх, урьдчилсан тоолуурт шилжих бэлтгэлийг хэхщрхэн хангаж байгаа, Бөөрөлжүүтийн болон Баянгийн сэргээгдэх эрчим хүчний станцуудын бүтээгдэхүүн үнэ, Баянгийн станцтай Б.Чойжилсүрэн сайд хамааралтай эсэх, мөн сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн гэрээ, үнэ тариф, Улаанбаатар хотод газын түлш хэрэглэх зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа өртөг зардлыг бууруулах үйл ажиллагаа, үнэ тариф тогтооход баримталж буй хүчин зүйлс, сэргээгдэх эрчим хүчний системд эзэлж буй хувь хэмжээ зэргийг асууж, эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж хомс байгааг Эрдэнэтийн цахилгаан станцаар жишээлэн ярив.
Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.0 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа. Тогтоолоор санал дүгнэлт, шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтааж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.