2025.06.19

Ц.Идэрбат: Төрийн алба ДАНХАЙЖ, 220 мянган ТОМ ДАРГА байгаа мэт иргэдэд ойлгуулж болохгүй!

УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчдийг танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нэр дэвшигч нараас асуулт асуув.

3 жилийн өмнө Төрийн албаны зөвлөлийнхөнд төрийн албаны асуудлаар үг хэлж байсан. Тухайн үед төрийн албаны алба хаагчийн нэр төрийг хамгаалах тал дээр Төрийн албаны зөвлөл жоохон ажилладаг байхгүй бол дээрээс нь дарга нь дарамталдаг, ард иргэд нь янз бүрээр хэлдэг. Энэ нь төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллахаас авхуулаад олон зүйл байна.

Хоёрдугаарт цалин хангамжийн асуудлыг хөндөж байсан. Цалин хангамжийн асуудал бол тухайн үед ярьж байсныг бодвол өнөөдөр харьцангуй нэмэгдсэн. Ахиц дэвшил байгаа. Үүний үр дүнд сумын Тамгын газрын 17, 18 хүний тал нь шахуу байхгүй байдаг байсан бол бас ч гэж 80%-тай 90%-тай бүрддэг ахиц дэвшил байгаа.

Гуравдугаарт  Төрийн албаны тоо 220 мянган төрийн албан хаагч байна. Данхайлаа л гэж яриад байдаг. Үүнийг дотор нь ангилаад  үзэх юм бол боловсролд нь багш хүрэлцэхгүй. Эрүүл мэндэд нь сувилагч хүрэлцэхгүй. Өмнө жил төсөв батлахад цагдаа, тусгай байгууллагад нь орон тоо дутуу байдаг. Иргэдэд ойлгуулахдаа бол ердөө 220 мянган том дарга байна. Бид нарын мөнгөөр эд нар л тэжээгдэж байна гэдэг мессеж яваад байна шүү. Та нар энэ ангилалыг ялгаж салгаж үзээч ээ. Нарийн үзэх юм бол 220 мянган төрийн албан хаагчийн 21 мянган нь л төрийн захиргааны албан хаагч байгаа. Тэгэхээр үүнд дээр ч гэсэн Төрийн албаны зөвлөл албаныхаа эрх ашгийн төлөө дуугардаг байхгүй бол. Та нарыг юу гэж харж байна вэ гэхээр яам сайд нарын өмнө бол хонь. Аймаг сумдад очихоороо том дарга. Бүхэл бүтэн яам нүдэн дээр нь баахан үүрэг гүйцэтгэгч болоод ирэхээр Төрийн албаны зөвлөл нь дуугай л байж байдаг. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн нэр хүнд давхар байхгүй болох гээд байна шүү.  Төрийн албандаа л бүгдэд нь л тэгш үйлчилдэг баймаар байна. Сүүлдээ төрийн албаныхны 36 сарыг нь байхгүй болгоно гэнэ. Хэдэн 10 мянгаар нь цомхотгоно л гэнэ. Томилолтгүй болгоно л гэнэ. Тэгэхээр эд нар чинь яаж ажиллах юм бэ?

Түүний асуултад, Төрийн албаны зөвлөлд нэр дэвшиж буй Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар хариуллаа.