Б.Хэрлэн: Энэ хуульд хариуцлагын тухай асуудлыг илээд өнгөрчихсөн байна
УИХ-ын чуулганы /2025.06.20/-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт асуув.
2017 онд энэ хуулийн шинэчлэл хийгдэж байсан юм байна. Өнөөдөр шинэчилсэн найруулга нь орж ирж үзэл баримтлалын хувьд нэлээн томоохон суурь шинжтэй өөрчлөлтүүдийг агуулсан шинэ хувилбар орж ирж байна гэж харж байна. Ялангуяа сонирхогч талуудын оролцоотойгоор стандартыг тогтоодог болгоё. Хоёрдугаарт нь нэгэнт тогтоосон стандартыг ААН-үүд, иргэд дагаж мөрддөг байя. Тэр тусмаа техникийн зохицуулалтыг заавал дагаж мөрддөг байя гэсэн ийм зарчмын санаа орж ирж байгаа юм байна. Гуравдугаарт нь төр хувийн хэвшлийн оролцоотойгоор энэ стандартыг хэвшүүлэх, хэрэглэх, стандартыг тогтоох үйл ажиллагааг явуулъя гэсэн ийм зарчмын 3 гол санааг агуулсан хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байна. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Дагаж мөрдөх гэдэг тухай дээр нэлээн маргаан өрнөж байна л даа. Ерөнхийдөө энэ стандартын тухай. Чанарын тухай нэгдсэн ойлголтыг энэ нийгэмд бий болгож. Нийгэмд итгэлцэл гэдэг юмыг бий болгохын тулд өнөөдөр бид нар яах аргагүй чанарын талаар ижилхэн ойлголттой байх. Дагаж мөрдөх гэдгийг энэ хуульд тусгайлан оруулж ирсэн юм байна гэж би ойлгож байна. Энэ утгаар нь үүнийг дэмжиж байгаа. Хэд хэдэн асуух зүйл байна. Ерөнхийдөө энэ хуулийн төслийг үзэхэд стандартыг тогтоох, стандартыг хэрэглэх гэсэн ийм 2 үндсэн хэсэгтэй байхаар юм байна. Уг нь агуулгын хувьд. Тэгэхдээ хуулийн боловсруулалт талаас нь харахаар стандартыг тогтоох, стандартчилал тал руугаа түлхүү их анхаарчихсан хэрэглээ, түүнийг хянах, эргээд хариуцлага тооцох тухай асуудлууд нь арай жаахан сулхан тусчихсан юм уу гэсэн зүйл анзаарагдаж байна.
Нэгдүгээрт
Стандартын талаар ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргавал хэнд гаргах вэ? тэрийг нь хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг энэ хууль дотор ерөнхийдөө тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл тохирлын үнэлгээ баталгаажуулалтын явцад ямар нэгэн асуудал гарвал тэрийг нь хаана хэнд хандах вэ гэдэг нь тодорхой биш байна. Стандартын хэрэглээг хянах тухай дээр оролцогч талуудын олон нийтийн хяналтыг энд хэрэглэх боломжтой юу? Үндэслэлээ энд биччихсэн байна. Хүн хүчний хувьд хүрэлцэхгүй байгаа учраас бид нар стандартыг мөрдүүлэхэд үнэхээрийн төвөгтэй байна гээд байгаа. Тэгэхээр чинь иргэд олон нийтийн оролцоонд түшиглэж энэ хяналтыг хэрэгжүүлэх санааг хуульдаа үндсэн зарчимтайгаа нийцүүлээд оруулж ирэх боломжтой юу?
Хоёрдугаарт
нь энэ дээр хариуцлагын тухай асуудлыг илээд өнгөрчихсөн байна. Тэгэхээр стандарт, техникийн зохицуулалт 2 чинь. Нэг нь дагаж мөрдөнө нөгөөдөх нь заавал дагаж мөрдөнө гэж байгаа. Мэдээж хэрэг хүлээлгэх хариуцлага санкцууд нь харилцан адилгүй байх ёстой байх. Үүнийг хэр ялгамжтайгаар энд тусгах вэ?
Гуравдугаарт
нь тохирлын үнэлгээг хийх гэж байгаа. Тэгэхээр хувийн хэвшлийн байгууллагууд, хувийн хэвшлийн лабораториуд тохирлын үнэлгээг хийнэ гэж байна. Тэд нар өөр өөрсдийнхөө аргачлалаар хийгээд явчих юм уу? эсвэл нэгдсэн аргачлалаар хийх юм уу. Энэ нэгдсэн аргачлалыг нь стандарт хэмжил зүйн төв байгууллага энийг боловсруулах батлах чиг үүрэгтэй байх уу, үгүй юу?