
Харьяатын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.” гэж заасан байдгийг илтгэлийн эхэнд дурдав. Улсын Их Хурлаас 1995 онд баталсан Харьяатын тухай хуулиар иргэний харьяалал хийгээд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно.” гэж заасан байдаг.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч тус хуульд заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болох агуулга бүхий нэмэлт оруулахаар боловсруулсан хэмээн П.Сайнзориг гишүүн танилцууллаа.
Хүчин төгөлдөр хуульд “...болно.” гэсэн сонголт бүхий зохицуулалтаар заасан нь аль нэг этгээдэд заавал үүрэг болгосон агуулга байхгүй гэдгийг тэрбээр тодотгов.Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа биеийн тамир, спортын талаарх арга хэмжээнүүд нь Монгол Улсад нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэхээс гадна спорт дахь хүний нөөцийн шинэ түвшинд гаргах, олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, ялангуяа олимпын хөтөлбөрт багтах спортын төрлийг дэмжих нэгдмэл зорилготой байна. Иймд хуулийн төслийн тандан судалгааны тайланг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг Л.Соронзонболд танилцууллаа.

Сэтгүүлч