БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЕБС-ИЙН 10 СУРГУУЛЬД ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТАНХИМ БАЙГУУЛАХ АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ӨЛГИЙ СУМЫН 4-Р СУРГУУЛЬД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын орчиныг сайжруулах, хүүхдийн чөлөөт цагийг зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулах ажлыг санаачлан, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн санхүүжилтээр энэхүү төслийг хэрэгжүүллээ. Өнөөдөр энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагаа Өлгий сумын 4 дүгээр сургуульд амжилттай зохион байгууллагдлаа.
Уг төсөл нь сургуулийн орчныг боловсронгуй болгох, сурагчдын танин мэдэхүй, оюун ухаан, соёл урлаг, спортын чадварыг хөгжүүлэх олон талт зорилготой юм.
Ялангуяа хөдөө орон нутагт суралцаж буй хүүхдүүдэд стандартын шаардлагад нийцсэн хөгжлийн орчин бүрдүүлэх энэхүү төсөлд маань энэ жил Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн 10 сургууль хамрагдсан болно. Тухайлбал, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Ногооннуур, Улаанхус, Цэнгэл сумдын ЕБС болон Өлгий сумын 1, 4, 10 дугаар сургуульд хэрэгжиж байна.


Төслийн хүрээнд сурагчдын сонирхол, хэрэгцээнд нийцсэн номын тавиур, шатар, оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, үндэсний хөгжмийн зэмсгүүд зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсанаар хүүхдүүдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, танин мэдэхүйг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байна.Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чин сэтгэлээсээ зүтгэж, хамтран ажилласан холбогдох байгууллага, сургуулийн удирдлагууд, багш нар, ялангуяа, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч ноён Али Муслуд гүн талархал илэрхийлье. Ирээдүйн эзэд болсон хүүхдүүд маань энэхүү танхимд сурч хөгжиж, мөрөөдөлдөө хүрэх замдаа эрч хүчтэй алхах болтугай.
Холбоотой мэдээ
2025.06.23
2025.06.12
2025.06.12