БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН "МЕДИКАЛ ПАРК" ЭМНЭЛГИЙН ДЭМЖЛЭГЭЭР БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭМЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОНЛАЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Баян-Өлгий аймгийн эмч нарыг Бүгд Найрамдах Турк Улсын эрүүл мэндийн салбарын дэвшилтэт туршлагаас суралцуулах, мэргэшүүлэх зорилготой онлайн сургалт 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү сургалт нь нийт 6 долоо хоног үргэлжилж, 7 дугаар сарын 31-ний өдөр дуусах юм. Сургалтыг хэрэгжүүлэх санаачилгыг 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдөр УИХ дахь Монгол–Туркийн парламентын бүлгийн даргын хувиар УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Турк Улсын “Медикал Парк Вакчелиевлер” сүлжээ эмнэлгийн зөвлөх, Алтынбаш Анагаах Ухааны Их Сургуулийн захирал, доктор, профессор Тунч Фишгин тэргүүтэй эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр санал болгосон билээ.
Сургалтын амжилттай зохион байгууллахад хамтран ажилласан Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Б.Анаргүл, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дауыржан, Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ержан нарт талархал илэрхийлье.
Энэхүү сургалтад Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны, хүүхдийн зүрхний, дотрын, яаралтай тусламжийн зэрэг чиглэлээр ажиллаж буй 30 гаруй эмч идэвхтэй хамрагдаж байна. Турк улсын анагаах ухааны салбарын тэргүүлэх чиг хандлага, оношилгоо, эмчилгээний шинэчлэгдсэн арга аргачлал, технологийн дэвшил, туршлага зэмшүүлэх тус сургалтад улмаар орон нутгийн эмч нарыг хамруулах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, сум, багийн эмч нарын ур чадварыг ахиулж, эмнэлгийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд хүргэх ач холбогдолтой юм.


Цаашид онлайн сургалтад амжилттай хамрагдсан эмч нараас хоёр эмч, хоёр сувилагчыг Турк Улсад хүүхдэд чөмөг шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн сургах, мэргэшүүлэхээр төлөвлөж байна. Мөн Турк Улсын туршлагатай эмч нарыг Монгол Улсад урьж, танхимын сургалт зохион байгуулах замаар мэдлэг, туршлага солилцооны үр өгөөжийг улам өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэхүү сургалтыг амжилттай хэрэгжүүлж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй Турк Улсын “Медикал Парк Вакчелиевлер” сүлжээ эмнэлгийн зөвлөх, профессор Тунч Фишгин тэргүүтэй эмч нарт талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
2025.06.18
2025.06.12
2025.06.12