Б.Түвшин: Хоол, унааны зардлыг цалинтай адилтгаж шимтгэл тооцдог байдлыг хална
2025.06.20

Б.Түвшин: Хоол, унааны зардлыг цалинтай адилтгаж шимтгэл тооцдог байдлыг хална

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй түүний санаачилсан Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн төсөл болон төсвийн тодотголын зарим асуудлаар ярилцлаа.

-Дэлхийд байхгүй НД-ын буруу тогтолцоо манайд үйлчилж байна-

- УИХ-ын 40 гишүүний дэмжиж гарын үсэг зурсан Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн төслийг ирэх даваа гарагт ЗГ-аас оруулж ирэх хуулийн төсөлтэй хамтад нь бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Та санаачилсан хуулийн төслийнхөө гол онцлог давуу талыг юу гэж тайлбарлах вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Монгол Улсын эдийн засаг маш хүнд нөхцөлд байна. Гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөөгөөр экспорт буурч байгааг хүн бүр мэдэж байгаа. Одоо ААН-үүд агшиж эхэлж байна. Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Яг ийм үед татвар, даатгалын хэмжээг бууруулдаг. Гэхдээ мий санаачилсан хууль бол тодорхой хувь хэмжээг бууруулах биш. Эсрэгээрээ ажил олголтын нэмэгдүүлэх том бодлогын төсөл юм.

Өнөөдөр манайд үйлчилж байгаа нийгмийн даатгалын тогтолцоо дэлхийд байхгүй зүйл. Зүгээр л авахын төлөө болчихсон. Авч байгаа шимтгэлийг нь бууруулъя гэхээр даатгалын сан дампуурлаа гэдэг. Өнөөдөр энэ улсад ажил эрхэлж байгаа бүх хүмүүсээс шүүсийг нь шахтал нийгмийн даатгалын шимтгэл аваад сангаа бүрдүүлж байгаа.

Гэхдээ бидний хийх гээд байгаа өөрчлөлт нь даатгалын санд том ачаалал үүсгэхгүйгээр эдийн засгийг дэмжих боломж юм. Одоо мөрдөгдөж байгаа хуульд хоёр зөрчилтэй асуудал бий. Олон улсад нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан, ажил олгогч гэсэн хоёр талын хөдөлмөрийн харилцаанаас авдаг. Гэтэл манай улс хуучин тийм тогтолцоотой байж байгаад одоо бизнесийн харилцаанаас авдаг болчихсон.

Тухайлбал хувиараа бизнес эрхлэгч аль нэг компанитай бараа, үйлдвэрлэл явуулах болж хувь хүнээр гэрээ байгуулсан бол тухайн гэрээний орлогоос компани 10 хувийг, хувиараа бизнес эрхлэгч 10 хувийг төлнө. Дээр нь ОАТ, НӨАТ төлж байна гэсэн үг. Энэ нь хувь хүн ямар нэгэн байдлаар бизнес эрхлэх ямар ч боломжгүй болгочхож байгаа хэрцгий тогтолцоо үйлчилж байгаа бодит жишээ юм.

Тиймээс бизнесийн орлогоос хоёр талаас НДШ авдаг байдлыг болиулж ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааны хуулиар зохицуулъя л гэж байгаа юм.

-Ийм хэлбэр рүү шилжсэнээр НДС-гаас гарах зардлын тооцооллыг хэрхэн гаргасан байдаг вэ? Сангийн алдагдлыг төсвөөс татаас хэлбэрээр нөхөж ирсэн шүү дээ. Улам хүнд байдал руу шилжихгүй юу?

-Өнөөдөр татвар болон даатгалын зардлыг маш энгийнээр бодож байгаа. Нэг талаас улсын төсвийн орлого багасах эрсдэлтэй гэж хардаг. Гэтэл хуулийн төсөлд тусгасан гол гурван заалтын нэг болох хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ тооцдог байдлыг болиулахад 2023 оны статистикаар судлахад 11.3 тэрбум төгрөгөөр буурахаар байна. 2024 оны статистикаар авч үзвэл 43.4 тэрбум төгрөгөөр буурахаар байсан. Энэ бол сангийн орлого буурч болох хамгийн оргил дүн гэж тооцоолсон. Ингэснээр нөгөө талд бодит эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх нь хамгийн гол.

Тэгвэл үүний цаана хувиараа бизнес эрхлэгч амьдрах боломжтой болно гэсэн үг. Ямар нэг компанитай гэрээ хийхэд орлогоос нь 10 хувиа суутгаад л болно.

Одоо харахад засвар, үйлчилгээний компаниуд гэрээ хийж чадахаа байсан. Эрх зүйн талаасаа хөдөлмөрийн харилцаа, бизнесийн харилцааг зохицуулдаг хууль хоёр өөр зүйл.

Иргэний эрх зүй гэдгээр бизнесийн харилцааг зохицуулдаг, хөдөлмөрийн эрх зүй гэдгээр ажилтан, албан хаагчдын харилцааг зохицуулдаг. Ажилтан, албан хаагчдын харилцааг зохицуулж хоёр талаас нь авдаг даатгалын байдлыг бизнесийн харилцаа руу оруулчихаар Монгол хүн хувиараа гэрээ байгуулж, бизнес эрхлэхэд маш хүнд байдалд орчхоод байгаа юм.

-Хоол, унааны зардлыг цалинтай адилтгаж шимтгэл тооцдог байдлыг хална-

-Хуулийн төсөлд орсон онцлох хоёр дахь том заалт нь ажил олгогч байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардлаас шимтгэл суутган тооцдоггүй болох тухай байсан. Энэ заалт хэрэгжсэнээр гарах өөрчлөлт нь юу байх вэ?

-Иргэд НДШ-ийг цалингаас л авдаг гэж ойлгодог. Хөдөлмөрийн хуульд заасан цалин хөлс, нэмэгдэл хөлс, шагнал цалин гэх мэт цалин гэж тодорхойлсон бүх зүйлээс НДШ авдаг. Дээр нь нэмээд сүүлийн үед унаа, хоолны хөнгөлөлтөөс авдаг болгочихсон юм. Унаа, хоолны мөнгө бол тухайн ажилтны амин чухал хэрэгцээ. Гэтэл эндээс НДШ авахыг нь болиулахаар сан дампуурчихна гэж Сангийн яам тайлбарлаад байгаа юм.

Жишээ нь нийт даатгуулагчийн хоолны зардлыг 20 мянган төгрөг гэж барагцаалж тооцоод тэндээс авдаг шимтгэлийг болиуллаа гэхэд даатгалын сангийн орлого 800 орчим тэрбум төгрөгөөр буурахаар байна гэж яриад байгаа юм. Хоолны мөнгөнөөс шимтгэл авахгүй байхаар дампуурчихдаг сан гэж юу байх вэ.

Харин ч энэ заалт хэрэгжсэнээр байгууллагууд ажилчдадаа өгдөг хоол, унааны зардлаа нэмж эхэлнэ. Огт өгдөггүй байсан компаниуд өгдөг болно.

Статистик судалгааг харахад 2015 онд хоол, унааны хөнгөлөлтөд төлсөн НДШ 9.2 тэрбум төгрөг байсан бол 2024 онд 63 тэрбум төгрөгийн шимтгэл санд төвлөрсөн байгаа юм. Тэгвэл ажилтны хоолны зардлаас авсан 63 тэрбум төгрөг эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь юу байх вэ гэдэг асуудал яригдахаар зөвхөн сангаа л яриад байдаг.

Монгол Улсын НДС-гийн орлого өсөж байгаа. Тухайлбал, 2021 онд 50.9 хувь, 2022 онд 27,3 хувь, 2023 онд 31.3 хувь, 2024 онд 25.8 хувиар НДС-гийн орлого өсөж ирсэн байна. Гэтэл бидний хэлэлцүүлж байгаа хуулийн төсөлд тусгасан гурван заалт үйлчилж эхлэхэд жилийн өсөлтийн 3/1-т хүрэхгүй дүн гэсэн үг. Тиймээс энэ хууль батлагдлаа гэхэд тэтгэвэр, тэтгэмжид нөлөөлөх ямар ч дарамт байхгүй.

Манайхан татвар, даатгалын шимтгэлийг нэг хувиар бууруулахад эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг загварчлалын бодлогоо ерөөс хийхээ больчихсон. Үр ашгийг тооцохдоо зардал, үр өгөөжийн шинжилгээ буюу олон улсад хэрэглэгддэг арга,аргачлалыг ашиглана гэсэн Сангийн сайдын тогтоол гарч батлагдсан байдаг. Энэ аргачлалаар нь бодохоор боловсруулсан хуулийн төсөлд тусгасан гурван заалт үр ашигтай гарч байгаа юм.

Дээр нь макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь мөн бид тооцоход ДНБ-ий өсөлт рүү орж байгаа юм. Ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн бодит орлого дагаад өснө. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нэмэгдэх замаар ДНБ жилийн дараа гэхэд 973 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм. Энэ бол эрдэмтдээр гаргуулсан тооцоолол.

Бизнес эрхлэгчдийн судалгааг авч үзэхэд өөрт үлдэж байгаа мөнгөний 50 хувийг хөгжүүлэлтдээ зарцуулдаг бол 30 орчим хувийг хүний нөөцөө нэмэгдүүлэхэд зарцуулдаг бол 20 орчим хувийг хэрэглээнд зарцуулдаг гэж байгаа юм. тиймээс хууль батлагдвал ажлын баяр 18 мянгаар нэмэгдэнэ.

-Хүнээ биш, сангаа боддог төр байж болохгүй-

-Сангийн сайдын УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллээр энэ хуулийн төсөл хэрэгжсэнээр НДС-гийн жилийн нийт орлого 1 их наяд 197 тэрбум төгрөгөөр буурна гэж хэлж байсан. Тиймээс санг алдагдалд оруулахгүй байхын тулд тэтгэврийн хэмжээг бууруулах, эсвэл төрөөс олгох татаасыг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй гэж үзэж байсан. Үндсэндээ сангийн алдагдлыг татвар төлөгчдөөс нөхөж бүрдүүлэх нөхцөл рүү орно гэж яриад байгаа?

-Тооцооллын ард сэтгэлгээний зөрүү явж байна. Өөрөөр хэлбэл нэг тал нь статистик тоонд суурилахдаа энэ мөнгийг бууруулбал хүмүүс ямар сэтгэлгээ, үйлдэл гаргах вэ гэдгийг загварчилж, нөлөөллийг нь тооцоолж байгаа юм. Ерөөс 300 орчим тэрбум төгрөгийн нөлөөлөл даатгалын санд үзүүлнэ. Тэр нь их хэмжээний нөлөөлөл болж чадахгүй гэж тооцоолсон юм.

Нөгөө талд зөвхөн даатгуулагчдаас авах шимтгэл санд үзүүлэх өсөлт, бууралтын нөлөөллийг л хараад байгаа юм. Тиймээс энэ нь өөрөө макро эдийн засагт үзүүлэх нөлөө, цаашлаад төсөв сангийн бодлогыг хэн барьж байна, хэн барихгүй байх вэ, хэрэв алдар гавьяа, нэр хүнд гэж байдаг бол хэн авах вэ гэдэг бодлогууд явчихлаа л гэж хувьдаа харж байна. Хэн оноо авах нь хамаа алга. Зөв бодлого л явах ёстой.

-Хуулийн төслийг батлуулахгүй байх сонирхол улс төрийн хүрээнд байна уу? 40 гишүүний дэмжлэгтэй энэ хуулийн агуулга өөрөө нийгэмд маш том нөлөөллийг үзүүлэхээр байгаа. Гэхдээ Б.Түвшин гэдэг хүний нэр хүнд өсөж нийгмээс оноо авах нь ЗГ-т ашиггүй, хуулиа өрсүүлчих эрсдэлтэй учраас дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Татвар, даатгалын асуудлаар хувь гишүүнийг хууль санаачлуулахгүй байх, цаашлаад хуулийн томоохон өөрчлөлтүүдийг хийлгэхгүй байх хориглолтуудыг хийгээд байх шиг байна. Харин ийм бага хэмжээний нэмэлт, өөрчлөлтүүд бол зөвшөөрөгдөөд байх шиг байгаа юм. Гэхдээ л татвар, даатгалын тогтолцоог өөрчлөх асуудал Сангийн яаманд л байх ёстой гэдэг бодлого явж байх шиг байна.

Аливаа юм хоёр талтай шүү дээ. Үнэхээр энэ санаачилсан төсөл эдийн засгийг хөгжүүлэх зөв бодлого байвал яах вэ. Нөгөө тал нь дургүй байвал бас яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс миний хувьд мэтгэлцээнд ороход бэлэн байна.

Нэгэнт УИХ ирэх даваа гарагт ЗГ-аас оруулж ирэх хуулийн төсөлтэй хамтад нь намын бүлгүүдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас харж л байя. Угтаа улс төрөөс үл хамаарч хоёр талын хуульч, санхүүч нарын нэгдэж гаргасан тооцоолол юм шүү дээ. Бид цаашид аливаа юманд механик сэтгэлгээгээр хандаж болохгүй. Өнөөдрийн бодит нөхцөлд иргэдээ ажилтай орлоготой байлгах уу, эсвэл нийгмийн даатгалд даатгах уу гэдэг хоёр л зам байна. Эхлээд ажилтай, орлоготой байж тухайн орлогодоо таарсан нийгмийн даатгалын бүтээгдэхүүн хэрэглэдэг болох нь туйлын чухал зорилго шүү дээ.

Гэтэл төр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ ирээдүйд нийгмийн даатгалгүй болох эрсдэлтэй гээд зөвхөн сангаа л бүрдүүлэхийн төлөө шимтгэлийн дарамтад оруулж буй. Үнэн хэрэгтээ өнөөдрийн тэтгэвэр, тэтгэмж авагчдад олгох мөнгө нь дутах гээд байгаа учраас хоол унааны зардлаас нь хүртэл цалинтай адилтгаж шимтгэл тооцдог болчхоод байгаа нь дэндүү хэрцгий.

Товчхондоо ирээдүйг чинь сайхан болгоно гэж хэлээд орлогоос нь хүртэл шимтгэл авчхаад зөвхөн өнөөдрийгөө аргалаад яваад байж болохгүй. Гэтэл дараагийн ирээдүйг энэ сан яаж тэтгэх юм бэ гэдэг нь өөрөө асуудал. Тиймээс 40 гишүүний гарын үсэг зурж дэмжсэн энэ хууль батлагдсанаар ядаж тэр ирээдүйг бизнесийг нь дампууруулахгүйгээр авч үлдэх юм. Ер нь тэгээд Нийгмийн даатгалын сан нэртэй ирээдүйгээ идсэн сан байж болохгүй. Тогтолцоог нь бид одоо л засахгүй бол ирээдүй ч үгүй, сан ч үгүй байдал руу орно.

-Сангийн сайдын хувьд ЗГ-аас УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа даатгалын хуулийн төсөлтэй таны санаачилсан энэхүү хуулийн төслийг нэгтгэж хэлэлцээд УИХ-д хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллая гэдэг зарчмын санал гаргасан. Хэрэв 2 хуулийн төслийг нэгтгэх болбол таны санаачилсан хуулийн төслөөс хэд нь орно гэсэн итгэлтэй байна?

-Хоёр хуулийн төслийг нэгтгэх болбол бид 40 гишүүний өргөн барьсан төслийн гурван заалтаас хоёр нь лав орох байх гэж найдаж байгаа. Хамтарсан ажлын хэсэг гарч, нэгтгэж хэлэлцэхэд татгалзах зүйлгүй.

-Засгийн газраас төсөв тодотгох хуулийн төсөл оруулж ирэх гэж буй. Тэгэхээр хэмнэлт хийх тодотголын төсөлтэй зэрэгцэж яригдах даатгалын хуулийн өөрчлөлтийг ер нь дэмжиж батлах болов уу?

-Даатгалын хоёр хуулийг нэгтгэж авч үзье гэдэг нь ерөөс төсвийн тодотгол дээр авч үзье гэсэн л санаа шүү дээ. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол Сангийн яам саяхныг хүртэл тодотгол хийх шаардлага үүсээгүй гэж л үзээд байсан. Засаг өөрчлөгдөөд л тодотгол оруулж ирэх гэж байна. жилийн эцэст төсөв батлагдаж байхад төсвөө тодотгох болчихлоо эхнээсээ зардлаа жаахан бууруулъя гэхэд дэмжээгүй. Ерөөс энэ төсөв, эдийн засгийн тооцоололдоо бид судалгаа бага хийж байна гэсэн үг.

-26 их наядад хүрч данхайсан төсвийн урсгал зардлыг 16 их наяд руу оруулж байж бид эрсдэлээ давна-

-2025 оны төсвийг 33.5 их наяд төгрөгөөр баталсан. Анхны төсвөөс зардлыг 2.3 их наядаар бууруулсан. Үүнийгээ алдагдалгүй төсөв гэж үзэж байсан шүү дээ. Одоо ЗГ-аас 1.8 их наяд төгрөгийн хэмнэлтийн тодотголыг оруулж ирэх гэж байна. Та анх л 5 их наядаар бууруулах боломжтой гэж дуугарч байсан хүн. Өнөөдрийн бодит нөхцөлийг харахад та бүхний гаргасан тооцоололд хэр ойртсон гэж хэлэх вэ?

-Тэр үед ярьж байсан тоонууд, эдийн засгийнх үр дагавар өнөөдөр ирчихсэн л байж байна. Хэрэв анхны төслөөрөө алдагдалтай буюу зээл авна гэдгээр батлагдсан бол өнөөдөр тухайн зээл валютын ханшийн нөлөөллөөр маш том эрсдэлийг дагуулчихсан байх байсан. Аз болж би зээл аваагүй буюу алдагдалгүй төсөв баталсан. Хуучин авчихсан зээлүүдийн валютын ханш бол өсөөд явж байгаа.

Гэтэл тухайн үед манай нэр бүхий гишүүд, би ч мөн нүүрсний ханш унах эрсдэлтэй байгаа учраас том төслүүдээ эрэмбэлж, ээлжээр нь явуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Том зургаараа урсгал зардлаа бууруулъя гэдэг байр суурьтай байсан.

Монгол Улс 10 жилийн өмнө 15 их наяд төгрөгийн төсөвтэй байсан шүү дээ. одоо зөвхөн урсгал зардлыг тооцохоор 26 их наяд болж тэлсэн байна. Тиймээс 26 их наяд болчхоод байгаа урсгал зардлыг 16 их наяд руу оруулж байж бид эдийн засгийн бууралтын хувьд зөөлөн газардаж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Одоо ЗГ-аас бодит амьдралаа харж, зардлаа бууруулж оруулж ирэх гэж байгаа төслийг миний хувьд дэмжинэ. Дэмжихээс ч өөр гарцгүй нөхцөл байдалд бид бий.Урсгал зардлыг дахиад буулгах ч боломжтой гэж үздэг.

-Төсөв тодотгох хуулийн төсөл хэлэлцэхэд таны хувьд энэ удаад юуг нь илүү их анхаарч ажиллах вэ?

-Батлагдсан төсвийг хагас жилийн гүйцэтгэлтэй нь харьцуулна. Төсөл хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа үр ашиг, нөлөөллийг харьцуулна. Мөн танаж болох зардлуудын эрэмбүүдийг анхаарч судална. Цаашдаа хасагдах зүйл үү, эсвэл нэг удаад хасагдах зардал уу гэдэг ач холбогдлыг нь харна. Том зургаар нь хэмнэлтийн тодотголыг дэмжих л бодолтой байна. Өөр аргагүй байдалд бид байгаа учраас хэмнэлт хийх гэж байгаа нь сайн хэрэг. Гол нь хаанаас вэ гэдэг нь чухал байна даа.

Ярилцсанд баярлалаа