2025.06.18

Х.Тэмүүжин: Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэт хавтгайруулан хэрэглэснээс болоод нууцыг хадгалах үүрэггүй этгээдүүд хүртэл шийтгэгддэг жишиг тогтсон

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025.06.18ны өдрийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурь илэрхийлэв.

Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц гэдэг ойлголт байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэт хавтгайруулан хэрэглэснээс болоод нууцыг хадгалах үүрэггүй этгээдүүд хүртэл шийтгэгддэг жишиг тогтсон. Нэг бус сэтгүүлчид хүртэл шийтгэгдсэн тохиолдол байгаа. Тийм учраас энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хэсгийг шинэчлэн найруулж 2015 оны Эрүүгийн хуулийг анх бичиж байсан тэр үзэл санаагаар нь буцааж бичиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээ гэдэг энэ ойлголтыг зөвхөн энэ нууцыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтнуудад, хууль сахиулагч нарт үүрүүлж байна. Бусад иргэд хэн ч гэсэн мэдэж байна. Түүнийгээ ил болгоод хариуцлага тооцох гэж байгаа бол ганцхан тохиолдлыг тооцож байна. Тэр нь бол нууцалсан гэрч. Нууцалсан гэрчийг мэдсэн этгээд нууцалсан гэрчийн мэдээллийг ил болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээж болно. Тэрнээс бусад хавтаст хэрэг дотор байгаа мэдээ, үйл явц, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээлсэн иргэн болэнэ хууль баталсны дараа бол эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээхгүй болж байгаа. Энэ мэт тодорхой философи санаатай шинэ нийгмийн үнэт зүйлүүдийг хамгаалахад чиглэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийг энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна.