Б.Уянга: “Стратегийн ордуудыг төр эзэмшвэл хөрөнгө оруулагчид үргэнэ”
2025.05.08

Б.Уянга: “Стратегийн ордуудыг төр эзэмшвэл хөрөнгө оруулагчид үргэнэ”

“Өрөг” ярилцлагын шинэ дугаарт УИХ-ын гишүүн Б.Уянга оролцлоо. Түүнтэй стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ ба уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, ураны талаар ярилцлаа. Мөн Оюу толгойн ордын эзэмшлийн лицензүүд дунд буй “Антре гоулд” ХХК-ийн 2 лицензтэй холбоотойгоор Монгол Улсын хувь эзэмшлийн талаар гэх мэтчилэн дэлгэрэнгүй ярилцлаа.

Та Стратегийн ордуудын 34-51 хувийг төр эзэмших ёстой гэдэг заалтыг яагаад эсэргүүцээд байгаа вэ?

Хаврын чуулган эхлэхэд өөрийн байр суурийг уул уурхайн салбараас сонгогдсон төлөөллийн хувьд УИХ дээр энэ салбарын ирээдүй болон цаашид уул уурхайн салбар яаж явах ёстой юм гэдэг дээр хуулийн төсөл дээр бусад гишүүд болон салбарын мэргэжлийн хүмүүсийг хамтарч ажиллаач ээ гэж хэвлэлийн бага хурал хийсэн юм.

Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тухай ярина гэхэд сэтгүүлчид их ирсэн. Ярих агуулгаа тодорхой өгөөгүй байсан учраас шууд хүлээж авсан ойлголт нь Стратегийн орд гэдэг зүйлийг эсэргүүцэж байна гэж ойлгоод байна. Би ярихдаа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын тухай байсан бөгөөд орд гэдэг утгаар нь ойлгоод байна.

Энэ төрлийн ордуудын 99 хувь нь амжилтгүй болдог. Харин түүхий эд, бүтээгдэхүүнийг нь тодруулж ярьж байгаа юм.

Мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлалын сангийг нь арвижуулах гэх агуулга ярьсан. УИХ-ын Байнгын хорооны хурал дээр сууж байхад хүртэл зарим гишүүдээс стратегийн ордыг чи шууд эсэргүүцэж байгаа, тийм болохоор хамт нэвтрүүлэгт оръё гэдэг байдлаар хандаж байгаа нь гишүүдэд хүртэл ойлголт нь яаж хүрсэн нь ойлгомжтой байсан.

Тэгэхээр энэ талаар өөрийн ажиллаж байгаа хуулийн төслийн тандан судалгааг тайлбарлах чиглэлээр бүх уул уурхайн компаниудаас авч байгаа саналуудаа хүртэл нэлээн сайн ярих ёстой юм билээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн Хуримтлалын сан нь орон сууц, эрүүл мэнд, боловсролд чиглэж байгаа.

Манай e-mongolia-д харагдаж байгаа нэрийн дансан дээр бичигдсэн мөнгөн дүнтэй холбоотой хэсэг шүү дээ.

Хуримтлалын сан яаж бүрддэг юм бэ гэхээр Төрийн өмчит эсвэл төрийн өмчийн оролцоотой уул уурхайн төслүүдийн ногдол ашгийн 34 хүртэл хувь эсвэл 50 хүртэл хувь. 0-50 гэдэг чинь хэд ч байж болохоор гэсэн үг. Тэр нь хөрөнгө оруулагч талдаа үргээсэн заалт болох магадлалтай юм.

Ер нь төрийн оролцоо заавал томоохон уул уурхайн төслүүдэд байх ёстой гэсэн агуулга нэвт явчихлаа гэдэг дээр ярьсан. Засгийн газрын зүгээс хийж байгаа ажлууд нь буруутгах аргагүй. 2006 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдаад, хуульд орчихсон концепц.

Тухайн үед батлуулж байсан салбарынхнаас юу болоод орд гэдэг үгээ аваад явчихсан юм бэ гээд асуухаар тухайн үед бүх ашигт малтмалын төслүүдийг арай өөр чиглэлээр явуулах яриа өрнөж байсан юм билээ.

Өнгөрсөн хугацаанд юу хийж байсан нь одоо хийж байгаа ажилд маань цензур болохооргүй түвшинд намайг бэлтгэсэн гэж боддог

Таны нөхөр Энержи Ресурс компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг. Тиймээс та стратегийн ордуудыг өмөөрч дуугараад байна уу?

Үүнийг сайн ойлгож байна.

Нэгдүгээрт манай хүн Ухаахудаг төсөл дээр Энержи Ресурс компанид инженер техникийн ажилд цалин авч ажилладаг хүн. Хувьцаа эзэмшигч биш. Өөр компани өндөр цалин амласан тохиолдолд тэнд очиж ажиллах боломжой ийм л мэргэжилтэй хүн.

Маш өндөр чадвартай учраас тухайн төсөл алдагдалгүй, инженер техникийн ажилчдынхаа бүрэн хүчин чадлыг авч ажилладаг, хариуцлагатай байлгах тал дээр нь анхаарч байдаг инженер хүн байгаа юм.

Энержи Ресурс компанийн Ухаахудаг төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг.

Тэр суманд ажиллаж, амьдардаг хүмүүсийн хувьд их хариуцлагатай компанид тооцогддог. Би буруу санаагүй бол 2024 онд Засаг даргын тамгын газраас нь Хариуцлагатай компаниар шалгаруулж байсан түүхтэй.

Ширээн дээр байгаа энэ шахмал түлшний гол түүхий эд нь Энержи Ресурсаас гарч ирж байгаа угаасан эрчим хүчний нүүрс юм л даа. Угаагаад тодорхой түвшинд авчраад, шахмал түлшийг хийж эхэлсэн. Тэнд нүүрсээ өгч эхэлсэн ийм л газар юм.

Богино хариулт нь бол үгүй юм аа. Шууд л яръя. Одоо хийж байгаа ажил маань өнгөрсөн хугацаанд юу хийж байсан бэ гэдэгт маань хэн нэгний захиалгаар ч юм уу, тэгэж ажиллах ямар ч шаардлагагүй түвшинд намайг бэлтгэсэн гэж боддог.

Энэ УИХ-ын 126 гишүүдээс 81 нь шинэ гишүүд байна. Яг хараад үзвэл жагсаалтаар орж ирсэн олон гишүүд сургууль соёлоор явсан, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүс байгаа юм. Ингэж хардах зүйл байна гэдэг нь намайг зүв зүгээр сууж байсан ч хардахаар юм байна лээ.

Би уул уурхайн салбараас гарч ирсэн хүн. Монгол ардын намын жагсаалтанд орохдоо ч салбарын төлөөлөл гэж явсан. Манай уул уурхай, эрдэс баялгий салбарын мэргэжилтнүүд 3000 хавьцаа л яг салбартаа ажиллаж байна.

Миний ээж энэ салбарын хүн. Тийм болохоор иймэрхүү хардалтууд зүй ёсны хэрэг байх. Гэхдээ уг нөхцөл байдал ямар байна вэ, орчин үе ямар болсон байна вэ гэдгээ сайн бодчихоод хардах нь зүйтэй байх аа.

Жишээ нь, би салбарын хүн учраас иймэрхүү байдал над дээр өндөр тусах магадлалтай гээд байж болох бүх л 54 төрийн бус байгууллагаас хуулийн төсөлдөө санал авч байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 10-с дээш тоог эзэмшдэг.

Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүдээс санал авч байна. Монгол болоод гадаадын хөрөнгийн биржэд бүртгэлтэй компаниудаас санал авсаар байгаад сүүлийн сар хагасыг өнгөрөөлөө.

Салбарынхаа миний л мэдэх хамгийн сайн хуульчийг бас ажиллуулж байна. Ямартай ч цаашдын ирээдүйгээ харах цаг болчихсон гэж бодож байна. “Ухаа худаг”-ийн төсөл, тавантолгойн төслийн хувьд аль 2007 онд л УИХ-ын хорин долдугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд хэмээн жагсаалтад орчихсон шүү дээ.

Тэр хэрэгжилт нь хийгдээгүй байгаа асуудлыг өнөөдөр Засгийн газар ярьж байгаа болохоос биш авах уу яах уу гэсэн юм ерөөсөө яриагүй гэж бодож байна.

Салбартаа мэргэшсэн хүн гэдэг утгаараа намайг намын жагсаалтад оруулсан гэж ойлгодог

Та ерөнхий сайдын “Харвардын баг”– ийн нэг болохоор жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон уу?

“Монголын боломж” гээд томоохон хурлыг Ерөнхий сайдыг Харвардад сурч байх үед бид нар хамтран хийж байлаа.

Намайг уул уурхайн салбарын агентлагаас авахуулаад хувийн хэвшилд ч ажиллаж байсан. Яг энэ салбартаа мэргэшсэн хүн гэдэг утгаараа жагсаалтад оруулсан гэж ойлгодог. Янз бүрээр л тайлбарлаж болох байх л даа.

Харвардын баг гэж үнэн л юм чинь орж чадсандаа, төгсөж чадсандаа их баяртай байдаг. Орно гэдэг нэг хэрэг, төгсөнө гэдэг нэг хэрэг. Залуу насныхаа маш олон жилийг сурч өнгөрөөсөн. Гэхдээ мэдээж хувийн хэвшилд ажиллаж байж салбартаа танигдах ёстой байдаг.

Хөдөө гадаа наранд сайн явж байж туршлагаждаг онцлогтой салбар. Би урьд нь ярьж байгаагүй байх аа, Энд тэнд Харвардын баг гээд ярихаар, бодоод үзэхэд тухайн үед сурч байсан бид бүгдээрээ л ямар нэгэн байдлаар улс төртэй холбогдчихоод байгаа юм.

Сургууль маань хүмүүсээ сайн бэлдсэн юм шиг. Хэдий нарийн мэргэжил олгосон ч гэсэндээ улс төрд ч явах боломжтой байдлаар бэлтгэж өгсөн юм болов уу даа гэж хардаг даа. Манай хууль эрх зүйн орчин хангалттай сайн хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ч тэр, Геологи, байгалийн ухааны суурь судалгааг хийхдээ ч тэр сайн биш.

Тэгэхээр ажиллаж байгаа хугацаагаа боломж гэж харж байгаа. Тэр хэрээрээ уул уурхайн салбарын ирээдүйг яаж төсөөлж байгаагаараа олонд сайн ойлгуулж хамтаараа хуулиудаа сайжруулах хэрэгтэй байна. Би Харвардын их сургуульд Байгалийн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Байгалийн ухааны чиглэлээр нэлээн их ажлуудыг хийх хэрэгтэй байна. Тэр ч утгаараа Ундны усны чиглэлээр ажиллах Ажлын хэсгийг УИХ-д ахлаад явж байна. Хариуцлагатай байдлаар уул уурхайн төсөл хэрэгжих өндөр боломжтой. Тэрийг нь бид шаарддаг л байх ёстой. Хууль, эрх зүйн орчин нэлээн сайжирч байж ирээдүй маань гэрэл гэгээтэй болох байх.

Дорнодын Мардайн ураны ордыг Монгол Улс дахин ашиглах уу? Оросуудын саналыг хүлээж авах уу?

Уран бол ирээдүйд үнэ нь өсөх хандлагатай ашигт малтмал юм.

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжиж байгаа Зөөвч овоо ордын төслөөс шар нунтагийг байгалийнх нь байгаа байдлаар гаргадаг. Цөмийн түлш рүү шилжүүлэх үйл ажиллагаа монголд хийгдэхгүй.

Түүхий эдээ гаргаж ирээд ил хатаагаад, экспортлож байгаа асуудал юм. Харин Мардайн ордын хувьд ил аргаар олборлож, хүдрээр нь экспортлогдож байсан.

Боловсруулах үйлдвэр баригдаагүй, үйл ажиллагаа нь нууц байдлаар хэрэгжиж байсан түүхтэй. Тухайн үедээ тэнд том хот сүндэрлээд үйл ажиллагаа нь явж байсан юм билээ. Энэ дээр технологийн хувьд шийдэл гаргах ёстой байх.

Ил аргаар олборлох нь агаарт тоос дэгдэх ч юм уу, илүү том талбай хамаарах асуудал хөндөгдөнө. Зөөвч овоо мэт төсөл бол газрын доор уусган олборлолт хийгдээд тухайн уусмал нь буцаагаад сорогдоод гарч байгаа учраас хөрс, байгальд үлдээд байгаа юм байхгүй.

Технологийн хувьд ярих ёстой гэхдээ чулуулаг нь өөр төслүүд юм. Миний бодлоор ураны ислийн үнэ зах зээл дээр өндөр байх үед нь ашигт малтмалаа үнэд хүргэж илүү их орлогыг олох ёстой.

Хаа нэгтээ ураныг орлуулах төрлийн материал гараад ирвэл юун зөөвч овоон шар нунтаг, мардайн хүдэр зарагдахгүй шүү дээ. Тиймээс боломжтой байгаа дээрээ л үнэ өсгөхгүй бол нүүрсний үнэ улам унаад байвал яах юм? Тэгэхээр олон хөзөртэй байвал зүгээр юм.

Ураны гэрээг батлахад, “хуулийн орчин өөрчлөгдвөл Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна” гэсэн заалтаа манаж байж оруулсан

Улаанбадрахын ураны төслөөс хэд дахин үнийн дүнтэй Оюу толгой ордын 2 лицензтэй Антре гоулдыг та нар яагаад анхаарахгүй байгаа юм бэ?

Аливаа стратегийн ашигт малтмалын орд дээр хил зааг тогтоох гэдэг ажил нь Загсийн газарт байдаг. Энийг хэн хийж орж ирэх ёстой вэ гэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хийж, Засгийн газраар батлуулаад, тэрнийхээ хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад явдаг.

Антре-гийн хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл бол талбай нь одоогийн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр дурдагдаагүй биш дурдагдсан юм. Зохицуулалт нь нарийн тодорхой биш байгаа учраас манайхаас олборлогдоод эхлэх нь ээ.

Хөрөнгө оруулалтынхаа гэрээн дээр дэлгэрэнгүй суулгах Антре гоулдын талбайд хамаарах, олборлолт хийгдээд явахад ногдол ашгийнх нь стратегийн ашигт малтмалын 34 хүртэлх хувь нь төрийн оролцоотой байна. Түүнийхээ хэлэлцээрүүдийг хийх нь Засгийн газрын түвшинд байх уу, УИХ-ын түвшинд байх уу гээд бас л урьд өмнө нь шийдэгдчихсэн асуудал гольдролоо олоод явах байх.

Антре гоулд компани болон Оюу толгойн ашгийн харьцаа 20/80. Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээгээрээ яаж тусаж орж ирэх нь хэлэлцээр хийж байгаа багуудын үр дүнгээс шалтгаална. Уг асуудал УИХ дээр орж ирэхийг нь хүлээгээд л байж байна.

Аливаа уул уурхайн төслүүдээс Монгол улсад юу ирэх вэ гэдгийг зөвхөн мөнгөн дүнгээр бодох нь өрөөсгөл. Тухайн төсөлд ажиллаж байгаа инженер техникийн ажилчдын чадавх байна. Бүтээн байгуулалт, үйлдвэр болгон нь манай улсад мэдлэг болж үлдэнэ. Тэгэхээр хүний капитал, хүний хөгжил талдаа их зүйлүүд ирэх ёстой.

Алтны үнэ өсөж байгаа нь түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Үндсэн шалтгаан нь дэлхий даяар геополитикийн эрсдэлтэй үе тулгарахад алтны үнэ өсөөд байдаг хандлагатай. Алтны төслүүдээ цааш нь сайн хөгжүүлээд, нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөв бүрдүүлэлтдээ анхаараад явж буй. Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ёстой гэж боддог.

Гэхдээ 2039 он хүртэлх хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх боломжгүй гэж ойлгосон. Энийг урантай хийсэн гэрээн дээр давуу тал нь ураны гэрээнд хууль эрх зүйн орчин өөрчлөгдөх юм бол Монгол улсад хөрөнгө оруулалтын гэрээгээ эргэж харна гэсэн заалт байгаа. Үүнийг манасаар байж оруулсандаа баяртай байдаг.

Өмнө нь гарсан алдаагаа давтахгүй байх ёстой. Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд аливаа уул уурхайн төслүүдийн төрийн өмчийн эзэмшлийн ногдол ашгийнх нь 34 хувь ирнэ гэдгийг л эрсдэл гэж харж байгаа юм. Зардал нь өсөөд ашиг нь тодорхойгүй байгаад байдаг. Ашиггүй ажиллаад байвал хуримтлал үүсэхгүй гэж харж байна.

Тандан судалгааны маань дүн гарчихсан байгаа. Хуулийн төслөө танилцуулаад явахаар илүү ойлгомжтой болох байх аа. Антрегийн хоёр тусгай зөвшөөрөл дээр хөрөнгө оруулалтын гэрээ орж ирвэл давхар Оюу толгойн гэрээнд өөрчлөлт орох боломж бүрдэх нь үү тэрийг харъя.