Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна
2025.04.30

Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах шатандаа явж байна

Улсын Их Хурлын даргын 2025 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн даатгалын тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2025.04.29/ хуралдлаа.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Баасанжаргал, Э.Болормаа, М.Мандхай, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа- Нара, Г.Хосбаяр нар оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэнтэй холбогдуулан хөдөө аж, ахуйн салбарын даатгалын нөхцөл байдлын талаарх холбогдох салбарын яам, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээлэлтэй хэлэлцлээ. Тухайлбал, танилцуулгад малчин өрхийн тоо 1990-2000 онд өсөж, 2000-2012 онд буурах хандлагатай байсан бол 2013 оноос дахин өсөж буй үзүүлэлтэй гарчээ. Нийт малтай өрхийн 15.5 хувь нь 2024 онд малын индексжүүлсэн даатгалд даатгуулсан талаар дурдсан байлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн мэдээлэлд манай улсад сүүлийн 10 жилд 50295 гамшиг, аюулт үзэгдэл, осол болж, 3305 хүн амь насаа алдсан, 11.5 сая толгой мал хорогдон, 545.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан. Малчин өрхийн ган, зудад өртөх эрсдэл өндөр байгааг онцолж байв. 

Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал, “Хөдөө аж ахуйн даатгал”-ын талаарх мэдээлэлдээ даатгалын онцлог зарчим, хөдөө аж ахуйн салбарын тогтолцоо, Монгол Улсад хөдөө аж ахуйн даатгалын бизнесийн загвар хэрхэн хэрэгжих боломжтой талаар танилцуулсан. Тэрбээр, байгаль, цаг агаарын эрс тэс уур амьсгалыг тооцоолж, салбар тус бүрийн эрсдэлийг үнэлж, ялгавартай хураамж тооцох, тодорхой тоон үзүүлэлтэд тулгуурлан нөхөн төлбөр олгох, сан үүсгэн хохирол гарсан тохиолдолд хамтран нөхөн төлбөр олгох, цахим автоматжуулсан платформ ашиглах зэрэг нь Монгол Улсад тохирох тогтолцоо юм гэж байлаа.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр даатгалын чиглэлээр асуулт асууж, санал солилцлоо.  Мөн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр цар хүрээгээ тодорхойлох, төрийн оролцоог дээшлүүлж, малчид, даатгуулагчдад ашигтай байхаар зохицуулах шаардлагатайг онцлоод уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эрсдэлүүд өндөр байгаа энэ цаг үед даатгалын хуулийг зөв чиглүүлж, үзэл баримтлалаа тогтоох нь зүйтэй гэсэн саналыг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.