2025.05.02

Д.Рэгдэл: Чоно, малчны амь насанд аюул учруулах хэмжээнд хүрэхэд зохицуулах эрх зүйн зохицуулалт байдаггүй!

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: 

Амьтны тухай хуульд оруулах гэж байгаа нэмэлт, өөрчлөлт нь нэн чухал зүйл гэдгийг тэмдэглэн хэлье. Бэлчээрийн МАА эрхэлдэг малчин хүн, малыг идэж амьдардаг чоно 2-ын хоорондын тэмцэл ер нь олон зуун жил үргэлжилсэн. Зарим үед хурцдаад хэн нь хэнийгээ барих вэ гэдэг асуудал гарч ирдэг. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд айлын хонь руу чоно дайраад эзэн нь бэртэж, гэмтсэн тохиолдол хүртэл гарсан!

Тэгэхээр чоныг агнах8 устгах сонирхол малчин хүний толгойд байнга явдаг. Тэрнийг нь үе үеийн ЗГ өөрийнхөө тогтоол шийдвэрээрээ зохицуулж ирсэн түүх байгаа. Cоциализмын үед Сайд нарын зөвлөлөөс 3-4 тогтоол гаргаж, "чоно агнах" асуудлыг зохицуулж явсан. Зарим тогтоолын нэрийг харахад харгис шинжтэй тэгсэн мөртөө зорилго нь зөв тогтоол. Чоно агнаад байхад устаж үгүй болдоггүй, монгол орон даяар хамгийн их түгээмэл тархсан махчин амьтан хэвээрээ байгаа. Энэ нь чонын амьдрах чадвар, үржлийн потенциал, дасан зохицох чадвар, идэш тэжээлээ олж, барих арга ов заль мэхтэй холбоотой.

Чоныг малчны амь насанд аюул учруулах хэмжээнд хүрээд ирэхэд эрх зүйн зохицуулалт үнэхээр байхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн амьд явах эрхтэй гэдгийг заасан. Бас үүний дараагийн заалтад эд хөрөнгөө хамгаалах эрхтэй гэдэг заалттай. Энэ 2 заалтыг чоно малчин 2 халз тулахад хэрэгжүүлэх ямар ч боломжгүй, хуулийн зохицуулалтгүй болчихсон учир нэмэлт өөрчлөлтийг оруулж, хүний амь нас, эд хөрөнгөө хамгаалахад чоныг алах арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй.

Тогтоолын төсөл нэмэлт, өөрчлөлт найруулгын хувьд алдаа байна гэж хардаг. Учир нь саарал чоныг агнасан гээд байгаа юм. Чоно агнах гэдгийг амьтны тухай хуульд заачихсан байгаа. Тухайлбал, ан агнуур гэдэг бол ангийн гаралтай түүхий эдийг ашиглах зорилгоор, хуулиар заасан хугацаа, арга хэрэгсэл, зөвшөөрлийн дагуу амьтан агнахыг, барихыг "чоно агнах" гэж ойлгоод байгаа. Тэгэхээр чоно хүн 2 тулсан тохиолдолд ан агнуур биш. Агнасан гэдэг үгийг нэг бол алсан гэж солих ёстой. Алсан гэдэг үг муухай сонсогдоод байвал устгасан гэж оруулбал зохимжтой.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан