
Ж.Хунан: Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, гаж хүслээ хангадаг хүмүүст сэтгэцийн шинжилгээ хийх, хяналт тавих эрх зүйн орчин байдаггүй!
УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонсож байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан сэтгүүлчдэд тодруулга өгсөн юм.
Тэрбээр, "Монгол Улсад бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгаа нь маш харамсалтай байна. Сүүлийн 5 жилийг харвал энэ тоо тогтмол өсөж байгаа үзүүлэлт байна. Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсан судалгаанууд хийгдэж байна. Тэгэхдээ судалгаануудын үр дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалтгүй байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэлбэрээ бид өөрчлөх ёстой!
Гэмт хэргийн үндсэн шалтгаан нь ядуурал!
Үндсэндээ энэ төрлийн гэмт хэргийн үндсэн шалтгаан нь ядуурал. Өнөөдөр гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллийн асуудал байна. Хүүхдэд тавьж байгаа хараа хяналт сул байгаа. Үүнийгээ дагаад иргэдээ ажилтай, орлоготой болгох хэрэгтэй. Дээрээс нь бүх нийтийн эрх зүйн боловсролыг шаардлагатай! Нэг ёсондоо, бүх нийтийн хүний эрх, хүүхдийн эрхийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай!
хүүхэд нэгдүгээрт гЭХ зарчим бүх түвшинд хэрэгжих ёстой
Хүүхэд нэгдүгээрт гэдэг асуудлыг ХЭҮК-оос үргэлж хөндөж ирсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүх түвшиндээ хэрэгжих ёстой байтал хэрэгжилт хангалтгүй байна! Өнөөдөр насанд хүрсэн хүн бүр хүүхдийг хамгаалах ёстой. Хуулиараа ийм үүрэгтэй. Нөгөө талдаа энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. Тухайлбал, 14-өөс доош настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол ямар нэгэн гэмт хэргийн шинж агуулга шаардахгүйгээр шууд гэмт хэрэгтэн болж байгаа. Энэ нь цахим хэрэглээ, хүний хөгжил, бэлгийн бойжилт эрт явагдаж эхэлдэг болчихсонтой холбоотой байх магадлалтай. Тэгэхээр 13 настай хүүхэд 14 настай хүүхэдтэй үерхэж байгаад, хайр сэтгэлийн үндсэн дээр хэрэв бэлгийн харьцаанд орсон бол 14 настай хүүхэд шууд автоматаар гэмт хэрэгтэн болдог. Тэгэхээр энэ чиглэлд судалгаа хийх шаардлагатай байгаа юм. Энэ гэмт хэргийн зүйлчлэлийг бид эргэж харах хэрэгцээ шаардлага байна гэдгийг эрдэмтэд, хуульчид хэлж байгаа.
Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, гаж хүслээ хангадаг хүмүүст сэтгэцийн шинжилгээ хийх, хяналт тавих эрх зүйн орчин байдаггүй!
Дараагийн нэг асуудал хяналтын тухай асуудал. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа нь "бэлгийн гаж зан үйл"-тэй холбоотой. Өөрөөр хэлбэл үүнийг "педефил" гэж хэлдэг. Энэ нь бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж таашаал авдаг байдлыг хэлж байгаа юм. Үүнийг өнөөдөр шинжилдэг тогтоодог практик байхгүй. Үүнийгээ дагаад эмчилдэг дээрээс нь ялаа эдлээд гараад явсан тохиолдолд хяналт тавьдаг "механизм" байхгүй! гэв.

Сэтгүүлч