Р.Батболд: Сэлбэ төсөл дээр 2500 айлын газар чөлөөлсөн байж яагаад 10,000 айлын орон сууц бариад байгаа юм бэ?
УИХ-ын чуулганы 2025/07/04-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 60 минут/-хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Нэгт,
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан гээд энэ хууль дээрээ байсан нэрийг л өөрчлөөд газрыг дахин төлөвлөх гэр хорооллын хөгжлийн сан болгох юм байна гэж ойлголоо. Сангийнхаа хөрөнгийн эх үүсвэрийг нь харахаар энэ 7.2.2 нь их сонин заалт орж ирээд байгаа юм. Энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлого гээд ороод ирж байгаа юм. Энэ нь одоо энэ нийслэлийн явуулаад байгаа Сэлбэ төсөл ч гэдэг юм уу энэнтэй адилхан ийм төслүүдээ явуулахын тулд л хууль руу ерөөсөө ингээд чихээд оруулаад ирлээ гэж харагдаад байгаа юм. Тэгээд энэ Сэлбэ төслийнхөө явж байгаа царайг нь харахаар баахан гаднын компаниудад өгчихсөн бөөн хэрүүл уруул. Энэ нэг дотоодын бизнесүүдээ ер нь яаж дэмжих гээд байгаа юм бэ? Энэ бүтээн байгуулагчдаа ер нь яах гээд байгаа юм бэ гэдэг нэг асуудал. Одоо бид нар хуулиараа нэг сантай. Сангийнхаа зарцуулалтыг нийслэл мэднэ ээ гээд энэ чинь бүүр хамаагүй л явах гээд байгаа юм шиг л юм болоод л явчихлаа. Ер нь би бол тэгж хараад байна. Тэгээд энэ хувийн бизнесээ яах гээд байна аа? Энэ зарласан тендерийнх нь 3 4 дүгээр багц нь юу болж байна аа? Энэ дотоодын ААН-үүдтэйгээ ер нь тохиролцож чадаж байна уу үгүй юу?
Хоёрт,
2500 айлын газар чөлөөлсөн юм. Одоо энэ дээрээ 10 мянган айлын байшин бариад байгаа юм. Тэгээд бид нар энэ төвлөрлийг багасгачихлаа түгжрэлийг бууруулна гэж яриад байгаа юм. 2500 айлын газар чөлөөллөө гэхэд нэг хашаандаа хоёулаа байсан бол 5 мянган өрх ч юм уу байхгүй болсон байх байх л даа. Тэндээс чөлөөлөгдсөн байх. Тэрэн дээрээ 10 мянган айлын орон сууц бариад байгаа юм. Тэгээд төвлөрөл сааруулаад байна гэж ярьдаг. Яг төсөл дээр нь байгаа хажуугаар нь баригдах хувийн орон сууцын хотхоны тэр айлуудын тоо ороогүй явж байгаа шүү дээ. Энд зөвхөн баригдах, орон сууцад нь орох өрхийн тоо яваад байдаг. Аятайхан шиг 60-аас дээш квадраттай байшин болгочхож болохгүй юм уу гэхээр дарга нь уурлаад байдаг. Квадрат заалаа гээд байдаг. 30-аас 40 хэдэн квадратын хоорондох 10 мянган айлын байр барих гээд ингээд суугаад байдаг. Энэн дээр нэг хариулт авчихмаар байх юм.
Түүний асуултад, Хотын дарга Х.Нямбаатар хариуллаа.