2025.05.14
Б.Мөнхсоёл: 333 тэрбумаар спорт заал барих зөв үү? Зээлийн ашигт зарцуулалт хэр байна вэ?
Эдийн засгийн байнгын хорооны 05/14ний хуралдаанаар ““Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Маш чухал асуудлыг хэлэлцэж байна. Хуудасны тоо гэхээсээ илүү агуулга маш их чухал. Хаана, юуг, хэрхэн тооцох вэ гэдэг маш том ажил байгаа.Жишээлбэл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 14.1-14.5н заалтын дагуу 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөний бодлого гарчихсан байх ёстой.Энэ эхэлсэн үү? Үүнийхээ хүрээнд 2026 оны хөгжлийн бодлогоо төлөвлөж чадаж байна уу?
Хоёрдугаарт, тухайн ажил, төслийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө, санхүү хэрэгтэй.Энэ зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн нарийн тооцоогоо хийсэн үү? Ямар байдалтай байгаа вэ?
Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны төлөвлөгөөний хэд нь энэхүү 2026 оны төлөвлөгөөнд орсон бэ? Жишээлбэл, 333 тэрбум төгрөгийн өртөгтэй спорт заал барина гэсэн байна.Нийгмийн бодлогын салбарын хүрээнд зээлээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ.Бид нарын байнгын ярьдаг гадаад өр, өрийн ашигтай байдал зээлийн ашигт зарцуулалт. Тэгэхээр 333 тэрбум төгрөгөөр спорт заал барих нь зүйтэй юу? Үр дүн авчрах уу? Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих шинжлэх ухаан технологийн паркийг байгуулах гэнэ.Яг ийм шинжлэх ухаан технологийн парк хэрэгтэй юу? Үнэхээр хэрэгтэй бол энэ хөтөлбөрт оруулахгүйгээр хувийн сектор үүнийг санаачлаад барьдаггүй юм уу? Нээлттэй зах зээлийн үед эрэлт, нийлүүлэлтийн бодлогоор явах бус уу. Бодлогоор хувийн секторыг өдөөж болох юм. Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийн төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээтэй хэр уялдаж байгаа вэ? Үр дүнд шууд нөлөөлөхөөр чадаж байна уу? гэх мэт логик алдаатай зүйлүүд цөөнгүй байна.
Түүний асуултад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин,Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар хариуллаа.