18 ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛСЭН ХЭЛЭЛЦЭЭРТ ЦЭГ ТАВЬЛАА
2025.05.14

18 ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛСЭН ХЭЛЭЛЦЭЭРТ ЦЭГ ТАВЬЛАА

Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, өндөр түвшний албаныхан, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.

Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна. Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
Гүүрэн байгууламж
Эрчим хүчний дэд бүтэц
Барилга байгууламжууд
Дохиолол, холбооны систем
Авто зам, дэд бүтэц
Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан