Б.Жаргалан: Бидэнд шинэ санаа, цоо шинэ арга барил, асуудлыг өөр өнцгөөс харах боловсон хүчин хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.08/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид хандан үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
УИХ бол ард түмний төлөөлөл. Та бид аль ч намаас нэр дэвшиж сонгогдсон бай нэгэнт тангараг өргөсөн бол иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллаж, эх орныхоо эрх ашгийн төлөө бодлого шийдвэр гаргаж хяналт тавих ёстой. Аудитын байгууллага бол УИХ-ын харьяа байгууллага, тэр утгаараа УИХ-ын нүд чих нь болох ёстой. УИХ-ын хяналт шалгалт хийх тэр чиг үүрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх, алдаа дутагдлыг илрүүлж байх ёстой.
Өнгөрсөн хугацаанд бид УИХ-аас томилогдож байгаа хэд хэдэн нэр дэвшигчдийг томилж явууллаа. Өмнөх нэр дэвшигчдийн тухайд ч тэр одоо орж ирж буй нэр дэвшигчдийн тухайд ч тэр улсад тэдэн жил, энэ байгууллагатаа тэдэн жил ажилласан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт, туршлага сайтай хүн байна гээд гишүүд нь магтаад байх юм. Гэтэл өнгөрсөн 30 жилд бий болсон алдаа завхралыг хэн бий болгосон юм бэ? Ер нь төрийн албанд олон жил ажилласан, аль нэг байгууллагад олон жил ажилласан гэдэг чинь сайн үзүүлэлт гэхээсээ илүү бараг сөрөг үзүүлэлт бий болчихоод байна. Бидний шинэ 30 жил, 126 гишүүнтэй шинэ парламентын бий болгох гээд байгаа өөрчлөлт бол өмнөх 30 жилийн алдаа завхралыг засах гээд байгаа хэмээн ойлгодог. Тэр бүх зүйл дээр хэд хэдэн яам дамжаад, Төрийн нарийн бичгийн дарга хийчихсэн, тэр бүх бодлого шийдвэр дээр байсан хүн орж ирэхээр туршлага сайтай хүн гээд байгаа. Би хувьдаа ойлгохгүй байна. Бидэнд шинэ санаа хэрэгтэй байна, цоо шинэ арга барил хэрэгтэй, асуудлыг өөр өнцгөөс шинэлэг байдлаар харах тийм боловсон хүчин хэрэгтэй байна гэж бодоод байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүддээ уриалмаар байна. Хэдүүлээ хайрцгаасаа гаръя аа. Яг ард түмний төлөөлөл, нүд чих нь байх тэр үүргээ гүйцэтгэхдээ анхааръя. Тэр утгаараа аудитын томилгоо бол та бидний хувьд хамгийн чухал томилгоо юм. Хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх хамгийн чухал томилгоо юм.
Хувийн аудитын байгууллагад ажиллахын тулд, эрх авч аудитор болохын тулд, мэргэшсэн нягтлан бодогч болохын тулд маш өндөр шалгууруудыг даван туулаад, олон удаагийн шалгалтаар орж ирж эрхээ авдаг. Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудитор эрх зүйч хүн нэр дэвшээд явж байна. Эрх зүйч хүний хувьд Монгол Улсын Ерөнхий аудитор гэдэг энэ том, мэргэшсэн албан тушаал дээр ажил үүргээ гүйцэтгэх итгэл үнэмшил байна уу гэж нэгдүгээрт асуумаар байна.
Хоёрдугаарт, Аудитын байгууллагын үе үеийн дарга нар улс төрийн харилцаа хамаарал бүхий ажлаа өгөөд улс төрийн сонгуульд нэр дэвших зорилго агуулсан зүйлс ажиглагдсан. Та өнгөрсөн хугацаанд аль нэг намын гишүүнчлэлтэй байсан уу? Цаашид улс төрийн сонгуульд нэр дэвших амбиц, бодол бий юу? Хараат бус ажиллах чадвар байгаа эсэхэд хэр итгэлтэй байна вэ?
Түүний асуултад нэр дэвшигч С.Магнайсүрэн хариуллаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн