УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Сая Цагдаагийн байгууллагын төлөөллийн хэлсэн үгэн дээр нэг зүйл гарч ирлээ. Ирэх жилүүдэд жагсаал цуглаан олширч нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэсэн зүйл хэллээ. Яг ийм хандлага байгаад байдаг учраас санаа зовниод л байгаа. Учир нь жагсаал цуглаан чинь Ардчилсан нийгэмд эрүүл зүйл шүү дээ. Олширлоо гээд нийгмийн хэв журам алдагдаад асуудал хүндрээд байх зүйл ерөөсөө биш. Ардчилал ийм нээлттэй, ил тод, хүмүүс дураараа жагсаад үзэл бодлоо илэрхийлээд явж байна гэдэг байх ёстой асуудал. Гэтэл олшрох гээд байна, хүндрэх гээд байна гэдэг хандлагаар манай цагдаагийн байгууллага хандаж байгаа нь өөрөө асуудал байна гэж хэлэх гээд байна. Цаашид бид энэ хандлагаа засмаар байна. Үүнээс болоод цагдаагийн байгууллагад хүсэлт өгөхөөсөө, мэдэгдэл өгөхөөсөө айж болзошгүй нь байна. Ийм айдсыг бид бий болгож болохгүй.