Ж.Энхбаяр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг дахин хүлээлээ
2025.06.18
Улстөр

Ж.Энхбаяр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг дахин хүлээлээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар дахин томилогдож, тангаргаа өргөлөө.

Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, болон хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, Монгол Улс экспортод чиглэсэн үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлнэ. Үндэсний аюулгүй байдлын тулгуур багана хүнсний хангамж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян”-ы зорилтуудыг тууштай үргэлжлүүлэн, эрчимтэй, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад харилцааг шинэ түвшинд хүргэхийг тэргүүн зорилтоо болгон ажиллана" гэв.

Хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд

1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2577 иргэн, аж ахуйн нэгжид олгож, гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний 52 үйлдвэр ашиглалтад орсноос хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 37 хувиар нэмэгдсэн юм.

Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд

119 үйлдвэр 412.75 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэгтэй зээлд хамрагдаж, техникийн зохицуулалт хэрэгжсэнээр самнасан ноолуураа экспортолж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд 8000 ажлын байр шинээр бий болно.

"Атрын-4" аяны хүрээнд

2025 оны гуравдугаар сарын 28-ны өдөр "Атрын 4" аяныг албан ёсоор эхлүүлж, 522 иргэн, аж ахуй нэгж 244.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдав. Уг аяны хүрээнд Төв, Дорнод, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр аймгуудад тариалангийн талбайг 71.2 мянгаар нэмэгдүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ