
2025.06.17
Эдийн засаг, Худалдаа
Дэлхийн зах зээл дээр кокжсон нүүрстэй зэрэгцэн эрчим хүчний нүүрс гарч ирээд байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны П.Батчимэг, Б.Мөнхсоёл, М.Бадамсүрэн, Н.Батсүмбэрэл нарын гишүүд өчигдөр /2025.06.16/Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар:
- Дунд хугацааны эдийн засгийн төсөөллийг шинэчлэх,
- Эдийн засгийн шинжилгээг хийх,
- Эрсдэлүүдийг тодорхойлох, бодлогын зөвлөмжийн асуудлаар санал солилцлоо.
Олон Улсын Валютын Сангийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн зүгээс “Дэлхий нийтээр нүүрсний үнэ 40-50 хувь буурсан талаар дурдаж, ихэвчлэн кокжсон нүүрс зах зээл дээр нийлүүлэгдэж байсан бол, одоо эрчим хүчний нүүрс гарч байгаа талаар мэдээллээ.
Мөн дэлхий нийтэд худалдааны тодорхойгүй байдал үргэлжилж байна. Энэ байдал цаашид даамжирвал, валютын ханш унах, төсвийн орлого буурах, инфляц өсөх эрсдэлтэй талаар ярилаа.
Мөн нүүрсний үнэ буурч байгаа хэдий ч алт, зэсийн ханш өндөр хэвээр байна. Тийм учраас манай улсыг Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг ач холбогдлоор нь эрэмбэлж, төрөлжүүлэх шаардлагатай”-г зөвлөж, эдийн засаг ийм нөхцөл байдалтай байхад Татварын багц хуулийг боловсруулах, батлуулахад болгоомжтой хандахыг анхаарууллаа.
Ийнхүү ОУВС-ийн холбогдох албаны төлөөллийн үзэж буйгаар Засгийн газар Сангийн яам хэрэглээний зээлийн үнэмлэхүй өсөлтөд үнэлэлт дүгнэлт өгч, хяналт тавих, өсөлтийг сааруулах тал дээр ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
ШИНЭ МЭДЭЭ



