
О.Алтангэрэл: Өнгөрсөн 30 жилд гарч байсан хүний эрхийн зөрчлийг давтахгүйн тулд хууль,тогтоомжид өөрчлөлт оруулахыг зорилоо
Хууль зүй, дотоод хэргийн 38 дахь сайдаар томилогдон ажлаа авахдаа, энэ салбарт хэрэгжүүлэх үндсэн бодлогоо “ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ САХИН ХАМГААЛЖ, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛНЭ” гэж зарласан. Энэ бодлогын хүрээнд өнөөдрийг хүртэл хууль, эрх зүйн болон салбарын түвшинд томоохон шинэчлэл өрнөсөөр байна.
ХЗДХ-ийн яам,
Нэгдүгээрт, хууль зүйн чиг үүргийг гүйцэтгэж, Монгол Улсын хэмжээнд батлагдаж буй бүх хуулиудад санал өгдөг. өөрсдөө хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулна.
Хоёрдугаарт, дотоод хэргийн чиг үүрэг буюу хууль сахиулах байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, үр дүнг хариуцаж ажилладаг.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар зэрэг харьяа байгууллага олонтой, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд харьяа байгууллагуудынхаа боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүний эрхийн чиглэлийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл мэндэд нь анхаарах, хилчин, дайчдынхаа цалингийн онцгой нөхцөлийн нэмэгдүүлэх, зэрэг нийгмийн болон бусад асуудалд нь анхаарч, үр дүнтэй ажиллалаа. Мөн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл сайн хийгдлээ. ХЗДХ-ийн салбар дахь төрийн үйлчилгээ хүртээмжийг цахимжуулах ажил ч урагшилсан.
Манай салбарын 2025 оны төсөв өмнөх жилийнхээс 23%-аар буюу түүхэн дээд хэмжээгээр батлагдаж, зарим харьяа байгууллагын төсөвтэй холбоотой асуудал шийдэгдсэнийг дурдах нь зүйтэй.
Үүнээс гадна олон жилийн судалгаан дээр үндэслэж, хүний эрхийн зөрчлийг арилгах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь хамгийн чухал ажил. Ийм учраас Авлигын эсрэг багц хууль болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой багц хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барилаа. Мөн Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиуд хэлэлцэх шатандаа орсон. Мөн хаврын чуулганд багтаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Арилжааны тухай хууль, Дампуурлын тухай тухай хууль зэрэг өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй хуулийн төслүүдийг өргөн барилаа.Монголд анх удаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой Нотлох баримтын хууль, Нотолгооны хуулийн төслийг боловсруулж батлуулахаар зорьж байлаа.
Хууль, зүй дотоод хэргийн яам 2025 онд хиймэл оюуны шилжилт хийхээр ажиллаж байгаа.
- Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хууль зүйн зөвлөгөө өгдөг платформыг нэвтрүүлнэ.
- Хууль тогтоомжийн судалгааны асуудлыг хиймэл оюунаар шийдвэрлүүлнэ.
- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг сахихад хиймэл оюуныг хэрхэн ашиглах чиглэлээр судалгаа явагдаж байгаа.
- "Хуульч Сандаг" нэртэй Монгол Улсын бүх иргэдэд дуу хоолойгоор болон текстээр хууль зүйн зөвлөгөө өгөх цахим платформын төслийн гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр тодорхой ажлыг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Үүнд хууль зүйн салбарт хийгдэж буй энэ шинэчлэл сайнаар нөлөөлж, үр дүнд хүргэхэд чухал үүрэгтэй юм. “Транспэрэнси интернэшнл” ОУБ-аас гаргадаг улс орнуудын Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 7 байраар урагшиллаа. 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116, 2023 онд 121-д эрэмбэлэгдсэн бол 2024 онд 114-т жагссан.
Өнөөдөр манай улсад хүний эрхийн зөрчил, хүний эрхтэй холбоотой маш их асуудал гардаг. Бидний хувьд үүнийг тоочиж, олны анхааралд оруулж, гал унтраахаас илүү, хууль тогтоомж дээр өөрчлөлт хийх зорилт тавьсан. Улмаар Хүний эрхийн багц хууль буюу нийт 13 хуулийн төсөл өргөн барьснаас 12 нь хэлэлцэхийг дэмжигдсэн. Энэхүү хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг өнгөрсөн 30 жилд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарч байсан хүний эрхийн зөрчлүүдийг дахиж гаргуулахгүй байхын тулд боловсруулсан юм. Ийм учраас дээрх хуулиудыг цаг алдалгүй батлуулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Миний хувьд сайд болохдоо хэлж байсан зарчаасаа алхам ч ухрахгүй гэсэн зорилгоо үл умартан ажилласан.