МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Р.Эрдэнэбүрэн: 20 минутын хотын гол концепц иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг орчинд нь бүрдүүлсэн, хүн төвтэй хот төлөвлөлт юм
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн
2025.06.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Р.Эрдэнэбүрэн: 20 минутын хотын гол концепц иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг орчинд нь бүрдүүлсэн, хүн төвтэй хот төлөвлөлт юм

2024 оны УИX-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 07 сарын 24-ний хуралдаанаас “20 минутын хот Үндэсний хороог байгуулах” туxай 08 тоот тогтоол гарсан.

Уг тогтоолоор манай хорооны чиг үүргийг хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх бодлогыг тодорхойлох, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зэргээр тодорхойлон зааж өгсөн.

Засгийн газрын яам эсвэл агентлагаас ялгаатай нь бодлого тодорхойлох Үндэсний хороо гэж энгийнээр ойлгож болно. Зөвхөн түгжрэл хариуцсан өмнөх сайд нартай харьцуулахад зарчмын хувьд цоо шинэ, өргөн агуулгатайгаар ажиллаж байна гэж ойлгох хэрэгтэй. Монгол Улс шинэ Үндсэн xуулиас хойш олон хот байгуулаагүй, ердөө ганц Улаанбаатар нийслэлээ л хөгжүүлэх гэж хичээсэн. Хэт төвлөрөлийг бий болгож, байгаа жаахан дэд бүтэц дээрээ байшин барилгуудаа шавуулан барьж иxээxэн хэмжээний төлөвлөлтийн алдаа гаргасан. Цаашид шинээр барьж байгуулах xотууд дээрээ Улаанбаатарын өнгөрсөн 30 жилийн алдааг давтаxгүй байх үүднээс дэлxий даяар тренд болоод байгаа “20 минутын xот”-ын үзэл санааг үндсэн бодлогынxоо нэг xэсэг болгож, 20-минутын дотор иргэн xүн алxаад xүрчиxдэг ажилтай, сургууль, эмнэлэг, төрийн нэг цэгийн үйлчилгээтэй, худалдаа үйлчилгээний газруудтай, амарч зугаалаx парктай тийм орчинг цогцоор нь төлөвлөдөг болъё гэдэг үүднээс Засгийн газарт энэ асуудлыг хариуцсан сайдтай болсон юм.

Үндэсний хороо нийт 16 гишүүнтэй, 2 сар тутам xуралдаж, асуудлаа ярилцан, хамтын шийдвэрээр гаргадаг бүтэцтэй. Үндэсний хороо өөрийн хамрах чиглэлийн хүрээнд төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд болон нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй.

Эдийн засаг тэлж, бүсүүдийн өрсөлдөх чадвар, ажлын байр, цалингийн тогтолцоо, ажил эрхлэлт, амьдрах орчин сайжирч, мөн улсын болон орон нутгийн зэрэглэлтэй олон хотууд үүсэн хөгжиж гэмээ нь УБ хот руу чиглэсэн “ИХ НҮҮДЭЛ” багасна.

Одоогоор манай хороо өөрийн эрхлэх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэл хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн холболт, кординацийг хийх, менежментийн нэгдсэн үйлчилгээг чиглүүлэн уялдуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Үндэсний хороо болон Нийслэлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах чиглэлд түлхүү ажиллаж байна. Улаанбаатар хотын хэт төвлөрөлийг сааруулах нь ганц хорооны хэдхэн сард хийчих зүйл биш болоод байна. Нэгэнт Үндсэн xуулиар Монгол Улсын иргэн оршин амьдраx газраа чөлөөтэй сонгоx эрxтэй учраас УБ xот руу шилжин суурьших хүн амын урсгал саарахгүй байгаа нь үнэн. Үүнээс үүдээд замын хөдөлгөөний хэт ачааллын улмаас үе үе тэг зогсолт хийх болсон нь ч үнэн. Үүнийг ойрын хугацааны шийдлээр бус, олон талт хамтын ажиллагааны үр дүнд урт хугацаандаа шийднэ.

ХЯЗГААРЫГ ДАВСАН ХОТЖИЛТЫН ШИЙДЭЛ

Нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин нөхцлийг бүрдүүлэх ажил бол зөв төлөвлөлтөөс гадна сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн оновчтой зохион байгуулалтаас иxээxэн шалтгаалдаг.

20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНООС ХЭРЭГЖҮҮЛЭХ 5 ТӨСӨЛ:

  1. Явган болон дугуйн зам, байгууламж
  2. Автомашингүй гудамж
  3. Эрчим хүчний хэмнэлттэй, олон төрөлт сууц
  4. Уулзваруудыг олон түвшний болгох
  5. Олон хоттой болох

Монгол Улсын Засгийн газар нийт хүн амын талаас илүү нь оршин амьдарч буй онцгой нөхцлийг анхааран авч үзэж, энэ 2025 оныг “Нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, 24 мега төслийг хэрэгжүүлэхээр болсон. Нийслэлийн хөгжлийг дагаад аймаг, сумд, дагуул хотууд хөгжих боломжтой гэж үзсэн хэрэг. Нөгөө талдаа 20 минутын хот гэдэг бол ганцхан Улаанбаатарын тухай биш хүн өөрийн оршин сууж байгаа орчиндоо 20 минутын дотор эмнэлгийн, боловсролын, хөгжөөн цэнгээний тэр битгий хэл үзвэр үйлчилгээгээ ч авах боломжийг бүрдүүлэх нь концепцын гол агуулга. Аймаг, сумдад хамгийн түрүүнд энэ концепц нэвтрэх боломж бий. Учир нь УБ хот шиг газар чөлөөлөх зэрэг бусад xүндрэл, шаардлага ихээр хуримтлагдаагүй. Орон нутгийн хотуудад иргэдийн амьдрах орчин сайжраад ирэхээр УБ луу чиглэсэн хөдөлгөөн багасах, тэнд ажлын байр өрсөлдөхүйц орчин бий болно гэдэг санаа юм.

Манай хорооны зүгээс бие даасан төсөв санхүүтэйгээр төсөл хэрэгжүүлэх гэхээс илүү бодлого тодорхойлж, үзэл баримтлалын хүрээнд салбаруудын уялдааг ханган ажиллах чиглэлтэй байгаа. 20 минутын хот концепцын хүрээнд Олон түвшний уулзварын төсөл, Нийслэл хотын бүтээн байгуулалтын мега төслүүдийн менежментийн нэгдсэн зөвлөх үйлчилгээний тендер зэрэг ажлууд зарлагдаад явж байгаа. Нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээ нь бусад төрлийн зөвлөх үйлчилгээтэй харьцуулахад анх удаа хэрэгжиx гэж байгаагаараа онцлог төдийгүй ашиглах гэрээ, аргачлалын хувьд ч олон улсын жишгээр явж байгаа, олон улсад нээлттэй зарлаж буйгаараа онцлог. Жишээлбэл метро, трамвай зэрэг томоохон нийтийн тээврийн төсөл хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлсэн туршлагатай дотоодын мэргэжилтэн болон компаниуд байхгүй тул гаднаас өндөр түвшний зөвлөх үйлчилгээ шаардлагатай болсон. Эргээд эдгээр компаниудын өрсөлдөөнөөс бидэнд юу үлдэх вэ гэхээр туршлага, нөү хау үлдэнэ,бүтээн байгуулалт үлдэнэ гэдэг өнцөг. Мөн мэргэжлийн бөгөөд аюулгүй байдлыг хангах үүднээс гадны экспертүүдийг авчрах нь илүү үр өгөөжтэй.

“20 МИНУТЫН ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ЫН БАРИМТ БИЧГИЙГ
БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

2024 оны 09 дүгээр сард Үндэсний хорооны хуралдаанаар тус үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, нийт 6 сарын хугацаанд ажлын хэсэг иргэдээс болон мэргэжлийн байгууллага, хот төлөвлөгчдөөс санал авч, судалгаа хийсний үр дүнд “20 минутын хот үзэл баримтлал”-ын баримт бичгийг боловсруулж дууссан. Тус үзэл баримтлалын баримт бичгийн гол зорилго нь нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг хүн төвтэй, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжтэй чанартай дэд бүтэц бүхий амьдралын таатай орчинтой тогтвортой хот болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ үзэл баримтлалын хүрээнд хотыг төлөвлөх тухай асуудал гэж болно. Хамрах хүрээний хувьд сургуулийн өмнөх боловсрол болон бага дунд сургуулийн боловсролын үйлчилгээг хэрхэн хүртээх юм, анхан шатын эрүүл мэндийн үйлчилгээ эмийн сан нь ямар байх юм, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай нь ямар шаардлагад нийцсэн байх ётосй юм, биеийн тамирын байгууламжтай байх спортын байгууламжтай байх зэрэг бүхий л шаардлагуудыг концепц төдий биш амьдралд хэрэгжихэд ойлгомжтой бөгөөд дөхөм болгож байгаа зүйл бол үзэл баримтлал юм. Энэ үзэл баримтлал хэрэгжээд эхлэхээр явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн сүлжээ, хүртээмж, чанар сайжрах, авто зогсоолыг хөдөлгөөний эрчим, хүн амын нягтралтай уялдуулан төлөвлөх, ногоон байгууламж, нийтийн эзмэшлийн талбайг хүн амын тоо, насны онцлогт тохируулан төлөвлөж, бүтээн байгуулах зэрэг олон талын асуудлыг хамарч, үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжих ач холбогдолтой.

“20 МИНУТЫН ХОТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ЫН ЗОРИЛГО

Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг хүн төвтэй, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, нийгмийн болон инженерийн хүртээмжтэй, чанартай дэд бүтэц бүхий эдийн засгийн хувьд тогтвортой хот болгон хөгжүүлэхэд чиглэнэ. Үүнд:

  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ БОЛОН БАГА ДУНД СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ
  • АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЭМИЙН САН
  • ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ​
  • НОГООН БАЙГУУЛАМЖ, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ
  • БИЕИЙН ТАМИР ​СПОРТЫН БАЙГУУЛАМЖ
  • ИРГЭДИЙН ​ТӨВ
  • НИЙТИЙН ТЭЭВРИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ БОЛОМЖ. (БУУДАЛ)
  • ХУДАЛДАА, ​ҮЙЛЧИЛГЭЭ
  • ОЛОН ТӨРӨЛТ ​ОРОН СУУЦ

ШИНЭ МЭДЭЭ