МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа
2025.05.01
Эдийн засаг, Худалдаа

Мега төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2025.04.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн явц тодорхойгүй, зарим нь удаашралтай зэрэг олон асуудлыг хэлэлцүүлгийн явцад гишүүд хөндөж байлаа. 

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн гоё ярьж, иргэд, олон нийтэд өндөр хүлээлт үүсгэхээсээ өмнө мега төслүүддээ бодитой, тооцоотой хандаж, олон улсын жишиг, дэвшилттэй, сайн технологийг судалж, аль болох байгальд ээлтэйг сонгож хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. 

Байнгын хорооны хуралдаанаар сонссонтой холбогдуулан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, С.Замира, М.Бадамсүрэн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, Г.Очирбат нар ажиллахаар болов. Тогтоолоор холбогдох салбарын мэргэжилтэн, шинжээчдийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллахыг ажлын хэсэгт зөвшөөрсөн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ