2025.04.30
Хууль, эрх зүй
Б.Энхбаяр: ҮХ-ийн цэцийн дүгнэлт нь "Амь амиа бодоорой" гэдэг тоглоомын дүрмийг сонгуулийн тогтолцоонд оруулж ирэх агуулгатай байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бид ул суурьтай хандах ёстой. Өмнө нь энэ асуудлаар ҮХЦ хоёр удаа ҮХ зөрчөөгүй гэж шийдвэр гаргасан байдаг. 1993 болон 2007 онуудад. 3 дахь удаад "зөрчсөн" гэдэг агуулгаар гарч байна. Үүнийг бол хүний, иргэний сонгох болон сонгохгүй байх эрхийг эдлүүлэх гэдэг агуулгаар ҮХШ шийдвэр гаргасан юм байна гэж ойлголоо. Сонгуулийн тогтолцооны асуудлыг бид иргэний сонгох, сонгогдох эрхээс гадна сонгож байгуулж байгаа төрийн чадавх, чадамж, хөгжил, бодлого, бүр цаашлаад улс төрийн намуудын төлөвшилд хэрхэн яаж нөлөөлөх үү гээ олон талаас нь авч үзэж байж сонгуулийн тогтолцооны асуудал яригддаг. Бид 2019, 2012 онуудад хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа хийсэн. Үүний үр дүнд манай Г.Уянгахишиг гишүүн орж ирсэн байна. Энэ тогтолцооны гол агуулга бол дов жалга, тойрогт өмчлөгдөхгүй, улс орны хэмжээний цараатай асуудал дээр бодлогыг чирж явуулах гэдэг энэ агуулгаар хувь тэнцүүлсэн тогтолцоо орж ирсэн. Нөгөө талд 2024 оны сонгуулийн бас нэг онцлог бол Монгол Улс орныг дов жалга, тойрог руу төсөв урсдаг биш бүсчилж хөгжих боломжийг олгох агуулгаар тойргоо томсгосон. ҮХ-ийн энэ шийдвэр бол сонгуулийн тогтолцоонд нөлөөлөх нь байна, мөн улс төрийн намуудын төлөвшилд нөлөөлөх юм байна. Өөрөөр хэлбэл амь амиа бодоорой гэдэг ийм тоглоомийн дүрмийг сонгуулийн тогтолцоонд оруулж ирэх гэж байна. 3 ч бай 10 ч бай мандат тойргынхон бол зөвхөн намайг дугуйлаарай л гэнэ. Энэ бол улс төрийн намуудыг ханз татаж, дотор нь хагална. Угаасаа 2008 оны 3 мандаттай тойрог дээр л намууд дотооддоо хагарсан. Үүний үр дагаварт ЗГ-ыг огцруулж байсан. Намуудыг фракцид хуваасан. Тийм учраас энэ сонгуулийн тогтолцоог цаашид 76 жижиг мажоритор тогтолцоо руу энэ цэцийн дүгнэлт чирэх гэж байна. 2019, 2012 оны ҮХ-ийн өөрчлөлтийн шинэчлэлийн үр дүнг будаа болгох нь ээ. Улс төрийн намын төлөвшил гэдэг их чухал байдаг л даа. Намууд дотроо юунаас болж задардаг вэ гэхээр сонгуулийн тогтолцоон дээр бие биентэйгээ муудалцаад зөвхөн хар амиа бодоод ажилласан, намын сахилга бат гэдэг юмуу алдагдсан байдаг. Тэр зураг нь парламент дээр орж ирэхээрээ томоохон улс орны шинжтэй бодлого хөдлөх, амилах боломжийг алдагдуулдаг. Хувь тоглолт руу явуулчихдаг. Тэгэхээр ҮХ дээр том агуулгаар нь ярилцаж, мэтгэлцэж, өмнөх парламентын сонгуулиудын туршлага алдаа оноо сургамжийг үндэслэж ярьсан зүйл байна уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хариуллаа.