МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
2025.04.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран  “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.04.30/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чиглүүлж, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Х.Баасанжаргал, А.Ундраа нар оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ, Дэлхийн банк 2023 онд Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын тойм үнэлгээг хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээнд, Монгол Улсын хууль, эрх зүйн орчин сайжирч байгаа ч ажлын байранд эмэгтэйчүүдийг дэмжих тогтолцоог сайжруулж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, дарамтаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад дээд боловсрол илүү эзэмшсэн байгаа ч хөдөлмөрийн зах зээлд давуу байж чадахгүй байна. Монгол Улсын ажиллах хүчний оролцоон дахь эмэгтэйчүүдийн хувь нь эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур болох таамаглалтай байна гэж дүгнэсэн байна. 2022 онд эмэгтэйчүүдийн орлого эрэгтэйчүүдээс 25 хувь бага гарсан бөгөөд цалин хөлсгүй, гэр орны ажилд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг зарцуулжээ.

Цаашид жендэрийн тэгш бус байдлыг арилгахын тулд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, техникийн болоод санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байранд дэмжих тогтолцоог бүрдүүлэх, улмаар эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг хангах асуудалд илүү анхаарах хэрэгтэй байна гэлээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг танилцууллаа.

Мөн “Эм Эм Си Жи” ХХК-ийн Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, “ТЭСО” группын Хүний нөөц, удирдлагын газрын захирал Б.Болормаа нар  “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, “Говь" ХК-ийн Комплайнсын газрын захирал Б.Чингүүн нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, холбогдох албан тушаалтан нийт 145 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэллээ. Тэрбээр, олон чухал сэдвээр ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг цохон тэмдэглээд, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, жил болгон барилга байгууламжид урсгал засвар хийдэг шиг байгууллагын орчин нөхцөлийг сайжруулж, хүний тав тух, аюулгүй байдлыг хангах нь чухал гэлээ. Мөн жендэрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн, судлаач, нийт оролцогчдод талархаж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа оролцогчдод хандан ажлын бус цагаар ямар нэгэн ажил, арга хэмжээ зохион байгуулахдаа бага насны хүүхэдтэй эсэхэд онцгой анхаарч, хүүхдийг эрсдэлт нөхцөлд үлдээлгүй хамгаалж, байгууллагын бодлогодоо нэгдүгээрт хүүхэд хамгааллын асуудлыг тусгах хэрэгтэй гэлээ.

Цаашид тус хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ