Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна
2025.07.04

Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

————————————————————————–

-Энэ долоо хоногт УИХ шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ тодотголын үндэслэл, гол зорилгыг та хэрхэн харж байна вэ?

-Анх төсөв батлагдах үеэс л Засгийн газар орлого талаа хэт өөдрөгөөр төсөөлж байна, тэвчиж болох маш олон зардал байгаа талаар хэлж ярьж байсан. Шинэ кабинет байгуулагдсанаар Засгийн газар арга буюу үнэнд гүйцэгдэж, төсвийн тодотгол оруулж ирлээ. Даанч өргөн барьсан тодотголын төсөл нь маш залхуу, фокусгүй, эрэмбэ дэс дараагүй байна. Нэгэнт шинэ Ерөнхий сайд томилогдсон юм чинь улс төрийн манлайлал үзүүлэх ёстой. Гэтэл тийм манлайлал харагдахгүй байна. Дотоод, гадаадын нөхцөл байдалдаа үнэн бодит дүгнэлт хийж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаалаг төсөв хүлээж байсан боловч орлого, зардлаа механикаар бууруулсан төдий, бодлогын өөрчлөлтгүй төсөл орж ирлээ.

-Шинэ Ерөнхий сайд улс төрийн манлайлал үзүүлэх ёстой гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

-2025 оны төсөв батлагдаж байх үеийн нөхцөл байдал өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас тэс ондоо. Ноднин намар нүүрсний экспортын биет хэмжээ, үнийн дүн өндөр өсөлттэй, гадаад зах зээл харьцангуй таатай байснаас гадна сонгуулийн ар дээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар улс төрийн зөвшилцлийн хүрээнд томоохон төслүүдээ хөдөлгөх замаар богино хугацаанд эдийн засгаа тэлнэ гэсэн итгэл үнэмшилтэй орж ирсэн гэх мэт уур амьсгал их өөр байлаа. Гэтэл гадна талдаа эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, нүүрсний экспортын орлого огцом буурсан төдийгүй хамтарсан Засгийн газар огцорсноор у лс төрийн нөхцөл байдал ч өөрчлөгдлөө. Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, яаруу сандруу өргөн барьсан төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна. Шинэ Засгийн газрын 100 хоног аль хэдийн тоологдоод эхэлсэн.

Томилогдсон даруйдаа гаргаж байгаа шийдвэрүүд маш чухал, илүү зоригтой байх ёстой.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагад дурдагдсан шийдлүүд төсвийн тодотголд хэрхэн туссан бэ?

-Ардчилсан нам бол бизнесийн орчныг сайжруулах, иргэд аж ахуйн нэгжүүдийн орон зайг тэлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа өсгөх, бүх шатанд төрийн оролцоог бууруулах үзэл баримтлалд суурилсан эдийн засгийн бодлогыг дэмжиж ирсэн улс төрийн хүчин. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цөөлж, төрийн албан хаагчдын давхардсан орон тоог 20 хувиас доошгүй хувиар бууруулах шаардлагыг тавьсан. Нөгөө талд нь 20.000 ажлын байр шинээр бий болгох, хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэн. Мөн төрийн өмчит компаниудыг эрс цөөлж, реформ хийх тухай ч дурдсан. Харамсалтай нь, шинэ Засгийн газар яамдын тоог цөөлсөнгүй, тэр битгий хэл нэмж дэд сайд томилох зүйл яригдсан. Төрийн албаны 14,400 албан хаагчийг цомхотгоно гэж хэлэхдээ эдгээр орон тооны тал орчим хувь нь тэртээ тэргүй сул байгаа гэж тайлбарласан. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нь батлагдсан орон тооны дагуу төсвөөс санхүүжилт авдаг гэж үзвэл тэр сул орон тооны санхүүжилт хаачдаг вэ гэдэг асуулт гарна. Сая төсвийн тодотголыг дагаад Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал орж ирэхэд олонхын бүлэг хуралдаад татуулчихаж байгаа юм. Төрийн албанд шинэчлэл хийх хүсэл зориг МАН-д үнэхээр алга гэж харагдаж байна. Хувийн хэвшлийг дэмжих, татварын дарамтыг бууруулах, ажлын байр бий болгох талаар ярих ч үгүй байна.

-Та улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж хэллээ. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн байр суурьтай холбоотой юу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй ажиллаж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхыг бүрдүүлсэн МАН-аас урилга ирүүлсний үндсэн дээр Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон. Манай сайд нар намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ачааны хүндийг үүрч ажилласан. Нэгэнт хамтарсан Засгийн газар огцорсон учраас манай бүлгийн хувьд гүйцэтгэх засаглалд хяналт тавих, парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх идэвхтэй сөрөг хүчний ү үргийг гүйцэтгэж, иргэдийн нүд, чих нь болж ажиллахыг зорьж байна. УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөх замаар эрх зүйн шинэчлэлийг түүчээлдэг бүтээлч сөрөг хүчин байх боломж ч бий гэж харж байгаа. Энэ долоо хоногт УИХ-ын тухай багц хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна. Энэ багц хуульд Ардчилсан намын гишүүдийн санаачилсан хэд хэдэн хуулийн төсөл багтсан. Тухайлбал, УИХ-ын асуулгын цагаар Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн асуултад нээлттэй хариулж, цөөнхийн бүлгийн төлөөлөлтэй мэтгэлцэх заалт туссан. Ингэснээр парламентын танхимд бодит мэтгэлцээн өрнөж, иргэдэд тулгамдаж буй асуудлаар цаг алдалгүй хариулт авна гэсэн үг. Түүнчлэн, Хяналт шалгалтын түр хорооны даргыг түр хороог санаачилсан гишүүдийн төлөөллөөс сонгох боломж нээгдсэнээр парламентын хяналтыг бодитоор хэрэгжүүлдэг цөөнхийн бүлэг Хяналт шалгалтын түр хороог удирдах боломж бий болно. Мөн Хууль зүйн байнгын хорооны бүтцэд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах замаар хууль хүчний байгууллагуудад т авих парламентын хяналтын механизмыг өргөжүүлж байна. Энэ дашрамд энэхүү санаачилгыг дэмжиж хамтран ажилласан нийт гишүүддээ талархал илэрхийлье. Цаашид энэ мэтчилэн засаглалыг сайжруулах, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгах, эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх гэх мэт нийгэмд хэрэгтэй шинэчлэлийг парламентын зөвшилцлийн хүрээнд нам харгалзахгүй дэмжиж ажиллах боломжтой гэж харж байгаа.

-Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай таны өргөн барьсан хуулийн төсөл батлагдсан…?

-Тийм ээ, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д суудалтай таван намын төлөөлөл нийт 40 гишүүн хамтран өргөн барьсан. Үндэсний их баяр наадам бол монголчуудын хувьд түүх соёл, төрт ёсны уламжлал, үнэ цэнтэй бүхнээрээ бахархан улс үндэстнээрээ эвлэлдэн нэгддэг, бидний нэгдмэл үзэл санааг илэрхийлдэг гол баяр. Үндэсний их баяр наадмын тухай хуульд, “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэдэг заалт байсан. Энэхүү заалтыг илүү өргөжүүлэн “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчилсөн. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүхтэй салшгүй холбоотой дээрх ойн баяруудыг ийнхүү баяр наадмаар алдаршуулах нь өнөөг хүртэл туулсан замаа эргэцүүлж, нийгмийн ухамсарт нэгдмэл үзэл санааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж үзсэн. Мэдээж, миний хувьд ардчилсан хувьсгалын ойн баярыг үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэж, зарлан тунхаглах нь Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал монголчууд бидний хувьд ямар үнэ цэнтэй, эрхэм үйл хэрэг байсныг сануулах, цаашид ардчиллын ололт амжилтаас ухрахгүй байх дархлааг бэхжүүлэх зорилгыг агуулсан. Үүнийг УИХ-ын гишүүд нам харгалзахгүй дэмжиж, ардчилсан хувьсгалын үнэт зүйл бол монголчууд бидний хамтын үнэт зүйл юм гэж шийдсэн нь 80 гаруй шинэ гишүүнтэй энэхүү парламентын онцлогийг илтгэж байгаа болов уу.

-Наадмын дараа намар гэдэг. Ирэх намар улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ямар байх бол гэж та харж байна?

-Сарын өмнө Олон улсын валютын сангийн баг Монголд ирж ажиллаад, тодорхой зөвлөмжүүдийг өгөөд явсан. Өнгөрсөн жилүүдийн нүүрсний экспортын өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн идэвхжилт дотоод, гадаад хүчин зүйлийн улмаас саармагжих магадлалтай байгаа учраас эрсдэлийг оновчтой удирдаж, эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх буюу төсвийн сахилга батыг чандлан сахиж, бүсээ чангалах нь эдийн засгийг тогтворжуулах үр нөлөөтэй гэсэн байна лээ. Бидний байнга сануулж ирсэн л зүйлс. Уг нь манайд мөнгө байхгүй биш байна. Нүүрсний үнэ хэдий буурсан ч, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ нэмэгдсэн, үнэ ч сайн байна, алтны үнэ өсөж байна. Тиймээс зөв менежмент, оновчтой хуваарилалт хийж чадвал бидэнд хангалттай орон зай байна.

-Өвөлжилтийн бэлтгэлийн асуудал хурцаар тавигдаж байх шиг. Та өвөл зохион байгуулагдсан Утааны сонсголын үеэр нэлээн идэвхтэй байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Энэ талаар?

-Утааны сонсгол маш олон зүйлийг ил болгосон. 779 иргэн угаартаж нас барсан гэдэг тоотой болсон. Энхийн цагт эрүүл саруул монгол хүн гэртээ унтаад нас барна гэдэг байж боломгүй, ой тоонд багтамгүй зүйл биз дээ. Сонсгол дээр танилцуулсан санхүүжилтийн дүнгүүдийг нэгтгэж үзэхэд улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж болон төрийн өмчит компаниудын зардлын нийлбэр таван их наяд 233 тэрбум төгрөг болж байсан. Ийм их мөнгө зарцуулчхаад утаанаас салдаггүй. Тиймээс утаатай тэмцэх арга барилаа эрс өөрчлөхгүй бол цаашид ч үр дүн гарахгүй гэдэг нь илт болсон.

-Яаж өөрчлөх үү?

Нэгдүгээрт, “утааг бууруулах” биш “утааг арилгах” хугацаатай зорилго тавиад бүх хүчээ дайчлан ажиллах. Хоёрдугаарт, цаашид зуух, яндан, түлш гэх мэт утаа ялгаруулдаг аливаа зүйлд татвар төлөгчдийн нэг ч төгрөгийг зарахгүй байх. Гуравдугаарт, төр технологийн сонголт хийхгүй буюу иргэдэд ямар нэг зүйл “шахахгүй” байх, бүх шийдэл зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд захирагдах. Эдгээр болон бусад бодлогын шийдлүүдийг УИХ-аас утааны сонсголын санал дүгнэлтийн хамт батлагдсан тогтоолоор Засгийн газарт чиглэл болгож өгсөн. Араас нь ногоон санхүүжилтийг дэмжих тогтоолыг баталсан. Гэтэл УИХ-аас баталсан бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн ажлаа зохион байгуулах үүрэгтэй нэгж нь Хятадаас нүүрс импортлох тендер зарлаад, “өөр арга байхгүй” ухааны юм яриад сууж байгаа. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Өвөл хүйтэрнэ гэдэг шиг нүүрс түлбэл утаа гарна. Утаа гаргадаг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд л байвал асуудлыг үндсээр нь шийдэх эдийн засгийн хөшүүрэг бүрдэхгүй. Бид асуудлаа бүр мөсөн шийднэ л гэж зүтгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр өдөр хоногийг аргацааж яах юм бэ. Нүүрс, зууханд зарж ирсэн төсвөө дулаалга, эрчим хүчний шийдэлд зарцуулаад энэ зундаа гэр хорооллын айл өрхүүдийн 20-30 хувь, ирэх зун 40 хувийг яндангүй болгож чадах юм бол 2028 он гэхэд яндангүй болох бүрэн боломж бий.

-Таны ярианаас нэг бол сөрөг хүчний шүүмжлэх өнцөг, нэг бол аливаа асуудлыг барьж аваад шийдчихье гэх эрмэлзэл гарч байх шиг…?

-Сөрөг хүчин байна гэдэг зөвхөн сөрж зогсохын нэр биш байх. Мэдээж шүүмжилнэ, хяналтаа тавина, иргэддээ мэдээлнэ, алдаа мадагтай зүйл орж ирвэл залруулна. Нөгөө талаас, бидэнд цаг хугацаа алдахгүйгээр, улс төр харгалзахгүйгээр шийдэх тодорхой асуудлууд байна. Утаа бол тэдгээр асуудлуудын нэг. Монголчуудын амь нас, эрүүл мэнд, амьдрах орчны тухай ярьж байна шүү дээ. Тодорхой санал санаачилга дээр улс төрчид, төрийн албаныхан, бизнесүүд, иргэний нийгмийнхэн, иргэд бүгд нэгдээд асуудлаа шийдчихмээр л байна. Нийгмийн итгэлцэл бий болж байж аливаа асуудал урагшилна. Эс бөгөөс бид элдэв хардалт, хар Пи-Артаа живээд нэг алхам ч хөдөлж чадахгүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин