
2025.06.27
МОНГОЛ ТӨРИЙН “МЭРГЭН ӨВӨӨ” Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Энэ жил ард олондоо Монгол төрийн “Мэргэн өвөө” хэмээн алдаршсан Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой тохиож буйтай холбогдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолууд гарсан.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд түгээж, таниулах зорилгоор эрдэм шинжилгээний хурал, “Баримт бичгийн эмхэтгэл” номын нээлт, "Өв сургамж" тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр нээж, арга хэмжээг Соёлын сайд Ч.Ундрам нээж үг хэллээ.
Уг арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар уншиж сонордууллаа.
Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд болон төрөл төрөгсөд, нутгийн ах дүүс нь хүрэлцэн ирэв.

Сэтгүүлч