
"Алтан хайч-2025" хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Алтан хайч-2025" хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн Төв аймгийн Зуунмод хотноо Өв соёлын өргөө цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.
”Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх, түүхий эд бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчид оролцож, малч ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдлөө.
Төв аймаг "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"-ийн хүрээнд 2023 оноос эхлэн Эрдэнэ суман дахь Эрдэнэ политехник коллежийг түшиглэн цахилгаан хайчаар хонь ноослох /явуулын/ ажлыг эхлүүлж Share Mongolia ТББ-тай хамтран Шинэ Зеланд улсын сайн туршлагыг нэвтрүүлэн сургагч багш нарыг үе шаттай бэлтгэж, өнгөрсөн онд 6 суманд зориулалтын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн.
Уг хөтөлбөрийн хүрээнд сургагч багш нар хоршоо байгуулан цахилгаан хайчаар хонь ноосолж эхэлсэн бөгөөд мал аж ахуйн салбарт механикжуулалтыг нэвтрүүлж, малчдын хөдөлмөрийн хөнгөвчлөх үр дүнтэй ажил болсон билээ.

Сэтгүүлч