
Ж.Хунан: Байгууллага бүр "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО"-оо батлан хэрэгжүүлж, хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээрэй
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, "Үнэхээр харамсалтай байна. Хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол үргэлж “нэгдүгээрт” соёл, хандлага тогтоогүйн гай, хор уршиг. Өөрийн, хүний гэлтгүй насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч, хүүхэд хамгаалагч гэдгийг мартаж болохгүй. Эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогч, эрх бүхий албан тушаалтан аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хүүхдийн эрх, ашиг сонирхолыг шууд болон шууд бусаар хөндөж байгаа эсэхийг үргэлж урьдчилан судалж, тооцох хэрэгтэй. Хүүхэд ямар ч тохиолдолд хараа хяналтгүй үлдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох ёсгүй, тэр тусмаа бага насны хүүхэд. Өмнө тэгдэг байсан, дасгацан, дасцан, богино хугацаанд үлдээж байгаа, зүгээр ш дээ гэх хөнгөмсөг, утгагүй шалтаг, шалтгаан байж болохгүй. Эцэг, эх, асран хамгаалагч нар учир явдлаа хэлээд чөлөө ав, хүүхдээ хайрла, хамгаал. Ажил олгогч чөлөөг нь өг, уяан хатан бай.
Нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бол алба хаагчийн ард хараа хяналтгүй хүүхэд үлдэхгүй гэдгийг баталгаажуул, заавал санал ав, хүүхэд харах хүнгүй үлдэх бол бүү албад. Боловсролын байгууллага нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг тарааж байгаа бол эцэг, эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдэгдээд зохицуулалт хийх боломжийг олго, боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагчийн ажил олгогчид хандсан тодорхойлолт гаргаж өгч чөлөө олгуул, зөвлө, сануул, сэргийл. Ихэнх тохиолдолд ажил олгогчийн дарамтад орох, ажлын байраа алдах эрсдэлээс айж, хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээдэг. Ялангуяа босоо удирдлагтай, тушаалаар үүрэг гүйцэтгэдэг байгууллагын алба хаагчид ийм нөхцөлд орох нь цөөнгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, асран хамгаалагчийн нөхцөл байдал хамгийн хэцүү байдаг.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хүүхэд хамгааллын тогтолцоо гэх 30 дугаар зүйлийн 30.4. дэх заалтад “Ажил олгогч, хуулийн этгээд дотооддоо хэрэгжүүлэх байгууллагын ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ баталж, хэрэгжилтийг хангаж ажиллана.” гэж заасан.
“ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” гэж хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос /хүчирхийлэлд өртөхөөс/ урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилго, зорилт, ажилтны мөрдөх ёс зүйн хэмжээг тодорхойлсон тухайн байгууллага, хуулийн этгээдээс баталсан баримт бичгийг ойлгоно" гэв.

Сэтгүүлч