УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ХУД-ийн 18 хороонд 640 хүүхдийн сургууль барих асуудлыг эцэслэв
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо нь Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, улсын сургууль болон цэцэрлэг хүртээмжгүй хороодын нэг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ХУД-ийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Номинреолтор” ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцөлд хүрсэн байдаг.
Тодруулбал, тус 69.944 м.кв газрыг “Номинреолтор” ХХК 2020 оноос 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм. ХУД-ийн 18 дугаар хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус компанийн эзэмшиж буй газрын 7000 м.кв газарт 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих зураг төслийг 2022 онд гаргаж, санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч газрын асуудлаар “Номинреолтор” ХХК-тай зөвшилцөлд хүрээгүйн улмаас сургуулийн барилгын ажил эхлээгүй байсан билээ. Тэгвэл энэ асуудал өнөөдөр эцэслэгдэж, сургуулийн барилгын ажил энэ хавар эхлэх болсныг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан тодотгож хэлсэн юм.
1000 хүртэлх өрхтэй орон сууцын хотхон, хороолол заавал улсын сургуультай байна
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороонд буюу Кинг, Таувер, Хүннү гээд орон сууцын маш том хороолол бий. Эдгээр хотхонуудад улсын сургууль байхгүй өнөөдрийг хүрсэн. Миний хувьд Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. Энэ хууль дээр байгаа ганцхан том өөрчлөлт нь 1000 хүртэлх өрхтэй орон сууцын хотхон хороолол заавал улсын сургуультай байна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Кинг таувер хотхон 3 мянга орчим айлтай. Энэ хотхонд хоёр ч сургууль байх ёстой атал өнөөдөр нэг ч сургуульгүй байшингаа бариад явж байгаа. Энэ хууль мөрдөгдсөнөөр цаашдаа дахиж сургуульгүй хотхон, хороолол төлөвлөхийг хориглочхож байгаа. Нэг ёсондоо, энэ мэт гаж үзэгдэл дахин гарахгүйн дээр араас нь энэ мэтээр хөөцөлдөөд явах бус анхнаас нь төлөвлөөд явдаг болно хэмээн мэдээллээ.
Дашрамд, Ж.Алдаржавхлан гишүүн өнгөрсөн долоо хоногт Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. /2025-05-02/
Тэрбээр энэхүү хуулийн төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор боловсруулсан юм. Уг хуулийн төсөлд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаяр
Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо нь суурьшлын шинэ бүс юм. Эдгээр бүс нутагт улсын сургуулийн асуудал байхгүй. УИХ-ын гишүүн Алдаржавхлан ь засаг дарга байхдаа газрын асуудлыг ААН-тэй нь зөвшилцөж байгаад газрыг шийдүүлээд өнөөдөр 960 хүүхдийн сургуулийн суурь тавигдаж, стандартын асуудлыг 4 давхар болгох асуудлыг шийдвэрлэлээ. 18 дугаар хорооны хувьд болбол Хүннү хорооллын хажуу талд баригдах Номин холдингийн том хороолол байгаа. Айл өрхийн тооны хувьд 640 хүүхэд биш хоёр ч улсын сургуулийн асуудал яригдана. Өнөөдөр газрын асуудал шийдэгдсэн. Одоогийн байдлаар барилгын суурийн цутгалт хийгдээд, хөрөнгө мөнгөнийх нь асуудал дүүргийн төсвөөс явж байгаа. ХУД-ийн 23 дугаар хорооны хувьд 960 хүүхдийн сургуулийн асуудал яригдлаа. Өнгөрсөн онд ААН-тэй нь зөвшилцөж байгаад газрыг нь авч, 960 хүүхдийн сургууль эхэлсэн. Тухайн үед буюу ажил эхлэхэд төсөвт өртөг нь 2021 оны төсөвтэй зургаар эхэлсэн. Өнөөдөр зургийн ажлаа магадлалаар оруулаад 24 орчим тэрбум төгрөгийн ажиллах хүчний зардал өссөн учраас 23- 24 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болсон. Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан төсөв дээр нэмэлт зардлыг нь шийдээд өгчихвөл ААН нь богино хугацаанд бариад өгчихье гэдэг шийдлийг хэлж байгаа. Нэг ёсондоо, төсвийн тодотгол болон бусад хөрөнгө оруулалтын зардлаас хэмнэгдвэл санхүүжилтийн асуудлыг шийдвэл барилга энэ онд багтаад ашиглалтад орох бүрэн бололцоо байгаа.

Сэтгүүлч