Д.Үүрийнтуяа: Эрдэнэт медикал эмнэлгийг ХСҮТ-ийн салбар эмнэлэг болгоно
Улс орны, хүн амын хөгжлийн асуудлыг ярихын тулд хамгийн түрүүнд эрүүл мэндийн асуудал хөндөгдөнө.
Манай улсын хувьд Хойд бүс нутаг тэр дундаа Хөвсгөл, Булган аймгийн хүн ам хавдрын өвчлөлөөр улсдаа тэргүүлж байна. Тодруулбал, 10,000 хүн тутамд хавдрын өвчлөлийн улсын дундаж 12,4%-тай байгаа бол Хөвсгөл аймаг 15,6%, нас баралтын түвшнээр Булган аймаг улсдаа хоёрдугаарт явж байгаа статистик байна.
"Эрдэнэт медикал" эмнэлгийг хойд бүсийн хавдар судлалын төв болгох саналыг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дэвшүүлсэн юм.
"Эрдэнэт медикал" эмнэлгийг бүсийн Хавдар судлалын төв болгосноор УБ дахь төвлөрлийг бууруулах, хавдрын оношилгоо эмчилгээ хийлгэх иргэдийн эдийн засгийн ачаалал, цаг хугацааг хэмнэх гээд олон давуу талтай. Хэрэв энэ асуудлыг амжилттай шийдвэрлэж чадвал анхны 3-р шатлалын эмнэлэгтэй бүс болно. Энэ нь ч Засгийн Газрын мөрийн хөтөлбөртэй нягт уялдаж буйг нь хэлэх нь зүйтэй.
Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдаан Булган аймагт зохион байгуулагдсан. Энэ үеэр Эрдэнэт аймагт хойд бүсэд хавдрын төв байгуулахаар хэлэлцэж байгааг салбарын сайд Т.Мөнхсайхан мэдээллээ. Тодруулбал, Эрдэнэт ТӨҮГ-ын харьяанд байдаг төрийн өмчит Эрдэнэт медикал эмнэлгийг ЭМЯ-ны харьяа ХСҮТ-ийн салбар эмнэлэг болгоно. Өөрөөр хэлбэл, уг эмнэлэг хойд бүсийн хавдрын тусламж үйлчилгээг хариуцах төв болно хэмээн онцолсон.
Иргэд хотыг зорихгүйгээр хойд бүсдээ тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээний тусламж үйлчилгээг Эрдэнэт хотод, Хойд бүсэд үзүүлэх боломж бүрдэнэ. ХӨСҮТ-ийн эмч нар Эрдэнэт медикал эмнэлгийн ажилчидтай сэлгэн ажиллаж, иргэд заавал хотыг зорихгүйгээр хойд бүсдээ тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх юм.
Өнөөдрийн байдлаар хойд бүсийн 306 мянган иргэнээс 3500 орчим нь ХСҮТ-ийн хяналтад байдаг. Жилдээ энэ бүсээс 800 орчим иргэн хавдрын шинэ тохиолдлоор бүртгэгдэж байна. Тэгэхээр ийм хэмжээний хүмүүс хотыг зорихгүйгээр Эрдэнэтээс үйлчилгээ авах боломж үүснэ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нэгдүгээрт, Уурхайчин хамт олны эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ орхигдохгүй байх, хоёрдугаарт, "Медикал эмнэлэг"-ийн ажилтнуудын цалин хөлс буурахгүй байхаар зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын гаргасан саналуудыг тусган оновчтой бөгөөд, зөв зохион байгуулалт хийн, мэргэжлийн яам нь, мэргэжлийн менежментээр удирдан явах нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллана хэмээн онцоллоо.

Сэтгүүлч