УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2025.03.17

УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Энэ хаврын чуулганаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах хэд хэдэн ажилуудыг онцлон анхаарч ажиллахыг нэгдсэн чуулганы индрээс онцолсон. Үүнд:

• Энэ хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөө, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг зэрэг улс орны төсөв, санхүүгийн чухал хууль тогтоомжийг хэлэлцэн батална. Уг хууль тогтоомжийг тогтоосон хугацаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах талаар Байнгын хороод, холбогдох байгууллага анхаарч ажиллана.
• Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, асуулга тавих, тулгамдсан асуудлаар хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулж, тэдгээрийг хэлэлцэж, үр дүнг нь тооцож ажиллана.
• Бид бүхэн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхойлон стратеги төлөвлөгөөгөө баталсан. Төлөөллийн байгууллагын хувьд үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай, үр дүнд чиглэсэн байдлаар явуулж, үр дүнг тайлагнаж ажиллана.
• Хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхааруулъя.

УИХ-ын Хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны 14 дүгээр тогтоолоор хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварыг баталсан. Энэ хүрээнд 10 гаруй хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх, 16 тайлан, илтгэл, мэдээллийг сонсох, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг асуудлыг УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ батална.

Улс орныхоо язгуур эрх ашгийг эрхэмлэн, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө хууль тогтоох үйл хэрэгт хамтдаа хичээнгүйлэн ажиллаж чадна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хэллээ.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан